Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ даяар тарсан имэйл сүрдүүлэг биткоины ханшийг шинэ доод түвшинд хүргэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ даяар бөмбөг дэлбэлэх сүрдүүлэг бүхий имэйл тарж, зарим байгууламжуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Хүлээн авагчид нь сургууль, компани, дэлгүүр, хуулийн товчоо, амьтны хүрээлэн гээд олон төрлийн газрууд байжээ. Хэрвээ $20,000-той тэнцэх хэмжээний мөнгийг биткоиноор төлбөл нуусан бөмбөг дэлбэрэхгүй гэсэн утгатай имэйл Нью Йорк, Массачусетс, Теннеси, Оклахома, Кентаки, Луизиана, Флорида, Айова, Мичиган, Юта, Калифорни, Иллинойс, Миссиссипи мужуудын байгууллагуудад хүрснийг цагдаа мэдээлжээ. Зөвхөн Нью Йорк хотод ийм имэйл хүлээж авсан 13 дуудлага ирсэн байна.

Гэхдээ шалгасан бүх тохиолдолд ямар нэг тэсрэх бодис олдоогүй, хуурамч сүрдүүлэг байсныг тогтоосон гэнэ.

Дээрх мэдээлэл тарсны дараа биткоины ханш 6 хувиар унаж, сүүлийн жил гаруй хугацаанд анх удаагаа $3,300-аас доош буусан юм. 

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй криптовалют болох биткоины ханш сүүлийн нэг сарын дотор бараг хоёр дахин унаад байгаа.

2017 оны эхэнд $1,000 хүрэхгүй үнэтэй байсан биткоин тухайн оны төгсгөлд бараг $20,000 хүрснээсээ хойш тасралтгүй буурсаар ханшийнхаа 75 хувийг алдаад байна.

 

Эх сурвалж: Business Insider