Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад захирлыг Канадад батлан даалтаар суллаж, Канадын дипломатчийг Хятадад баривчлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хятадын Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг 10 хоногийн өмнө Канадын Ванкуверт баривчилсан билээ. Эдийн засгийн хоригийг зөрчиж, харилцаа холбооны тоног төхөөрөмж Иранд нийлүүлсэн гэгдэж байгаа захирал эмэгтэйг АНУ-д шилжүүлбэл 30 хүртэл жил хоригдох ял сонсож болзошгүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Канадын шүүх Мэн Ванжоуг батлан даалтаар суллах шийдвэр гаргажээ. Тэр 10 сая канад долларын барьцаа төлж байгаагийн 7.5 сая нь бэлнээр юм байна.

Мөн бүх паспорт, бичиг баримтаа хураалгаж, гэрийн хорионд байхаар болжээ. Захирал эмэгтэй энэ хугацаанд Канадын Бритиш Колумбиа мужаас гарах эрхгүй, Ванкувер дахь нэг сууцандаа амьдрах ёстой.

Ингэхдээ тэр оройн 11:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хяналтанд байх ба өдрийн цагаар гарах бол цагдаагийн ажилтан дагуулж явах ёстой. Мөн хаана байгааг нь тогтмол хянаж байхын тулд шагайнд нь байршил тогтоогч бүхий төхөөрөмж зүүхээр болжээ.

Өөрийг нь хянах, цагдах бүх зардлыг Мэн Ванжоу төлөх юм байна.

Ингэж гэрийн хорионд байсны дараа ирэх оны хоёрдугаар сарын 6-нд дахин шүүх хуралд дуудагдахаар болжээ.

Одоогоор АНУ-ын зүгээс шилжүүлж өгөх хүсэлт Канадын талд ирүүлээгүй байгаа гэнэ. Энэ хооронд Хятадад Канадын экс дипломатчийг саатуулсан тухай мэдээлэл тарж эхэллээ.

Баривчлагдсан гэгдэж байгаа Майкл Ковриг бол Канад улсыг төлөөлөн Хятад, Хонг Конг, НҮБ-д ажиллаж байсан мэргэжлийн дипломатч хүн юм.

2017 оноос хойш тэр Брюссельд төвтэй International Crisis Group (ICC) нэртэй олон улсын зөрчил, маргааныг шийдвэрлэхэд оролцдог төрийн бус байгууллагад Хятадыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

ICC байгууллага Ковригийг хаана байгааг тодруулахаар ажиллаж байгаагаа хэвлэлд мэдээлсэн байна.

Huawei компанийн захирлыг Канадад саатуулсны дараа Хятадын засгийн газраас ямар нэг хариу арга хэмжээ авна гэсэн яриа, таамаг гараад байв. Улмаар Хятадад ажилладаг Канадын бизнесмэнүүдийн дунд баривчлагдахаас болгоомжилсон айдас нэмэгдэж эхэлсэн юм.

Хятадын нэр хүнд бүхий бизнесмэний охин, томоохон компанийн удирдлагыг баривчилсан явдалд Бээжин заавал хариу алхам хийнэ, ингэхийг Хятадын олон нийт ч хүлээж байгаа гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд өмнө нь анхааруулж байсан юм.

Майкл Ковриг хамгийн сүүлд аравдугаар сард Майами Хералд сонинд ярихдаа “АНУ-Хятадын харилцаа 1989 оны Тяньаньмэний талбайд гарсан ардчилсан тэмцлээс хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байна” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters