Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Камбож тээгч эхчүүд захиалагчийнхаа хүүхдийг өсгөх амлалт өгснөөр суллагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Зүүн өмнөд Азийн Камбож улсад бүсгүйчүүд тээгч эх болох бизнесийг нууцаар эрхэлдэг. Тэд голдуу Хятад улсын иргэдийн захиалгын дагуу хүүхдийг нь тээж төрүүлснийхээ төлөө $10,000-ыг төлбөрт авдаг байна.

Камбож улсын засгийн газар 2016 онд тээгч эх болох үзэгдлийг хуулиар хоригложээ. Өнгөрсөн зургаадугаар сард Камбожийн эрх баригчид нийслэл Пном Пэн хотод тусгай ажиллагаа зохион байгуулж, нийт 32 тээгч эхийг байрлуулж байсан хоёр газрыг илрүүлсэн юм.

Дараа сард нь баривчлагдсан бүсгүйчүүдийг хүний наймааны хэрэгт буруутгаж, шоронд хорьсон байна. Харин өнгөрсөн долоо хоногт Камбожийн эрх баригчид эдгээр эхчүүдийг хүүхдээ өөрсдөө өсгөх нөхцөлтэйгээр суллажээ.

Суллагдсан эхчүүдийн зарим нь захиалагчийн хүүхдийг амьдралд нь дарамт болно гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь харин авч үлдсэндээ баяртай байгаа гэнэ.

Тээгч эхчүүдийн зарим нь гэр бүл, хүүхэдгүй залуу бүсгүйчүүд байгаа бол зарим нь гэр бүл, олон хүүхэдтэй, амьдрахын эрхээр нөхөртэйгээ зөвшилцөж тээгч эх болсон хүн байна.

ОУВС-ийн мэдээлснээр дундаж иргэнийх нь жилийн орлого $1,490 орчим болдог, ядуу буурай Камбож улсад хууль зөрчин тээгч эх болох үзэгдэл тасрахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зүүн өмнөд Азийн орнууд олон жилийн өмнөөс тээгч эхийн том зах зээлд тооцогддог болсон. Тайланд улс 2015 оноос энэ үзэгдлийг хуулиар хориглосон бол дараа жил нь Камбожид хориглосон юм.

2017 онд Австралийн нэг иргэн хоёр камбож хүний хамт нууц тээгч эхийн эмнэлэг ажиллуулж байгаад баригдаж, 18 сар хоригдох шийтгэл хүлээсэн байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн сард явуулсан цагдаагийн ажиллагааны дүнд дөрвөн зуучлагч, 11 тээгч эх баривчлагджээ. Өнгөрсөн долоо хоногт өмнө нь баривчлагдсан 32 тээгч эхийг сулласан явдал нь хүмүүнлэг ёсны үүднээс гаргасан шийдвэр гэж Камбожийн дотоод хэргийн яам тайлбарласан юм. Тээгч эхчүүд өөрсдөө ямар хүний хүүхдийг тээж байгаагаа мэддэггүй тул бие дааж захиалагчтай холбогдох боломжгүй ажээ. 

 

Эх сурвалж: Reuters