Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд тарвага агнахыг хориглосон гэдгийг мэддэг ч бодит амьдрал дээр мөрддөггүй

Д.Мягмардорж
2018 оны 12 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын ан агнуурын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ан агнуурын бүс хариуцдаг компаниуд тэргүүтэй салбарынхан анхдугаар чуулганаа хийлээ. “Ан агнуур загасчлалын үндэсний анхдугаар чуулган”-д оролцогчид Зэрлэг ан амьтныг хамгаалах асуудлаар их ярьдаг боловч амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл маш бага байдаг. Жишээ нь, хуулиар тарвага агнахыг хориглосон гэдгийг мэддэг ч бодит амьдрал дээр агнасан хэвээр байгаа.

Улмаар худалдан борлуулдаг асуудал байсаар л байна. Тиймээс ан амьтныг хамгаалах ажлыг илүү бодит болгох, нутгийн иргэдийг чадавхжуулах, мэдлэгтэй болгох замаар энэ бүхнийг шийдэх зайлшгүй шаардлага бий болсон. Хууль бусаар агнаж байгаа ан амьтны тухай судалгаа манай улсад байдаггүй. Тэр ч бүү хэл хэчнээн анчинтай вэ гэдгээ ч мэдэхгүй.

Анчид болон сонирхогчдыг бүртгэлжүүлж, хариуцлагажуулах ажлыг ирээдүйдээ хийхгүй бол болохгүй байна. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд бүртгэлжүүлж, ангийн сургалтад хамрагддаг журманд шилжчихвэл бүх асуудал шийдэгдэнэ. Энэ бүхнийг зохион байгуулах зорилгоор энэ чуулганыг зохион байгууллаа. Ан агнуур, загасчлал гэж ялгасан нь учиртай. Ан агнуур нь тусгай зориулалтын ан агнуурын нөхөрлөл холбоодоор дамжин хийгддэг.

Харин загасны спорт ан агнуурын төрөлд ордог. Тул загасыг гэхэд олзворын ан гэдэг асуудлаар хандаж болдоггүй. Үзмэр болгон өлгөх ёсгүй. Тухайн загасаа бариад буцаагаад тавьдаг. Тиймээс байгалийн хишиг буян болсон эдгээр нөөц баялгаа зүй зохистойгоор ашиглаж, хамгаалах.салбарын хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь болсон" зэргийг онцлон, шийдвэрлэх арга замыг дэвшүүлж байлаа.

Энэ үеэр ан агнуур болон загас агнуур, загасчлалын асуудлуудаар салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Ан агнуурын салбар хуралдаанаар Монголын ан агнуурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттулга “Олзворын ангийн уламжлал олон улсын туршлага анчны ёс зүй” сэдвээр, “Алтайн нүүдэлч” ТББ-ийн тэргүүн Ё.Онон “Агнуурын бүс нутгийн менежмент: бодит байдал, бэрхшээл шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан.

Харин Загас агнуур, загасчлалын салбар хуралдаанаар Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Монгол орны агнуурын загасны нөөц ашиглалт хамгаалал” сэдвээр, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Тэмүүжин “Монгол орны спорт загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж оролцогчид харилцан санал солилцлоо. Мөн энэхүү чуулганы үеэр ан агнуур, загас агнууртай холбоотой үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.

БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъяанхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрх зүйн орчин уламжлал, өнөөгийн бодит байдал, бэрхшээл гарц" сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Ан агнуурын олон хууль дүрэм бий.

Тухайлбал, “Амьтны тухай хууль” хориглох хугацаа, арга хэрэгсэл, нэн ховор амьтанд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр ялгасан байдаг. Эдгээрийг зөрчих юм бол Эрүү болон Зөрчлийн хуулинд тодорхой заагаад өгчихсөн. Зөрчлийн хууль гарахаас өмнө хохирлын хэмжээг тооцдоггүй байсан. Нэн ховор ан амьтныг агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Тусгай хамгаалалттай газар ан агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэн ховор амьтнаас бусад амьтныг агнасан бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ. Маш олон тоогоор агнасан бол экологид хор нөлөө үзүүлсэн гэж үздэг. БОАЖЯ нь төрийн захиргааны байгууллага учраас бодлогоо боловсруулан танилцуулах үүрэгтэй. Цагдаагийн болон хууль хяналтын байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Харин зөвшөөрөлгүй ан хийсэн мэдээлэл бидэнд ирэхэд хуулийг хэрэгжүүлэгч болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, Цагдаагийн байгууллагад буюу улсын мөрдөн байцаах газрын хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт хэргийг шилжүүлдэг” гэлээ.

Энэ үеэр ХААИС-ийн багш, Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захиралтай Э.Магсаржаваас дараах тодруулгыг авлаа.

-Сүүлийн үед зэрлэг ан амьтан хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Энэ чиглэлд төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Зэрлэг ан амьтан бол Монгол орны үнэт баялаг. Энэ үнэт баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, судлах өнөөгийн шаардлага бий болсон. Тиймээс зэрлэг ан амьтдыг хариуцдаг нөхөрлөл, аж ахуйн, нэгжүүд бүгд нэгдсэн ойлголтоор улсын хэмжээний энэ чухал баялгийг зүй зохистой хамгаалах талаар ярилцах цаг болсон. Учир нь, байгаль орчны бусад салбарууд болох усны салбар, ой салбарынхан тулгамдсан асуудлуудаа ярилцаад төрийн бодлогод оруулаад байна. Гэтэл зэрлэг ан амьтны нөөц, үр ашиг, өсөлт хөгжилтийн талаар тэр бүр ярихгүй байна.

Төрийн бодлогод оруулах талаар өнгөрсөн үед огт байсангүй. Тиймээс байгалийн хишиг буян болсон энэхүү нөөц баялгаа зүй зохистойгоор ашиглах, хамгаалах салбарын хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Систем гэж нэрлээд байгаа нөхөрлөлийг илүү сайн хөгжүүлэх, олон талын ур чадвар мэдлэг мэдээлэлтэй болж, харилцан туршлагаа хуваалцах хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

-Чуулганаас гарах үр дүнг хэрхэн харж байна?

-Хэд хэдэн үр дүнг хүлээж байна. Нэгд, манай нөхөрлөлийн гишүүд ан агнуурын асуудлаар бие биенээсээ харилцан туршлага судална. Хоёрт, хамгаалалтын үйл ажиллагааны талаарх чиг баримжаа авах, бидний хийж байгаа ажил арга замын хувьд зөв байна уу, эсвэл алдаа дутагдал-тай байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээр яриулж, нэгдмэл ойлголттой болно. Тухайлбал, ан агнуурын нөөцийн тухай ойлголт, зэрлэг амьтны менежмент гэж юу вэ. Нөхөрлөлийн зохион байгуулалт гэж юу вэ, зэрлэг амьтанд биотехникийн арга хэмжээг хэрхэн авах вэ. Бэлчээрийн мал ба зэрлэг амьтны харилцан хамаарал гэх мэт чухал сэдвийг нөхөрлөлийн 70 гаруй хүнд хүргэж байгаа нь их чухал л даа.

Бэлчээрийн мал аж ахуй ихээр хөгжиж малын тоо толгой нэмэгдэх нь ан амьтдын амьдралын чанарт нөлөөлж байгаа талаар ярьж байна. Энэ талаар тодруулбал?

-Нэгд, өвс ургамал, идэш тэжээлийн өрсөлдөөн болж байна. Хоёрт, уст цэг гэж амин чухал хэрэгцээ байдаг. Гэтэл гэрийн малын тоо толгой хэт ихэссэнээс зэрлэг амьтдад усны хэрэгцээ нь хязгаарлагдаж байна. Тиймээс энэ хоёрын харилцан үйлчлэлийг зөв хослуулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Монгол Улсад малаа өсгөөд зэрлэг амьтангүй болъё гэсэн бодлого байхгүй. Тиймээс энэ хоёрын зохистой харьцааг тохируулах нь зайлшгүй шаардлага болоод байна.

Зураг