Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Парист тэмцэл дахин эрчимжиж, Трамп Макроныг тохуурхав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Францын нийслэл Парис хотод хоёр дахь Бямба гарагт дараалан хүчтэй тэмцэл өрнөв.

Францын өнцөг булан бүрээс ирсэн “шар хантаазтан” тэмцэгчид Парисын гудамж талбайд жагсан төрийн сүлд дуулал Марселлезыг хоолой нийлүүлэн дуулцгаасан юм.

Тэд гал тавьж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Гудамж талбайд хяналт тогтоохын тулд эрх баригчид усан буу, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс төрийн тавцан дээр өөрийнх нь өрсөлдөгчид тооцогддог Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг тохуурхсан үгсийг твиттер хуудсандаа бичиж байв.

Тэр “Парисын гэрээ Парист тохирохгүй байгаа нь харагдлаа” гэж бичсэн нь шар хантаазтан иргэдийн тэмцэл анх цаг уурын өөрчлөлтийг хязгаарлах бодлогын үр дүнд эхэлснийг хэлсэн хэрэг байв.

Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээг байгуулахад Франц улс тэргүүлэн оролцсон бол Трампын санаачилгаар АНУ ганцаар уг гэрээнд нэгдэлгүй үлдсэн юм. Уг гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд буюу Францын эдийн засгийг “ногооруулахын” тулд Макрон дизель шатахуунд шинэ татвар оноохоор болсон.

Францчууд үүнийг нь эсэргүүцэж тэмцэл анх эхэлж байв. Харин одоо шар хантаазтай иргэдийн тэмцэл Макроны засгийн газрын бодлогыг бүхэлд нь эсэргүүцсэн агуулгатай болоод байна.

Трамп цааш нь бичихдээ “Франц орон даяар тэмцэл өрнөж байна. Байгаль орчныг хамгаалах нэрийн дор гуравдагч улс орнуудад өөрсдийн халааснаас их хэмжээний мөнгө төлөхийг хүмүүс эсэргүүцэж байна” гэжээ.

Тэр бас Францын тэмцэгчид “Бид Трампыг хүсэж байна!” гэж уухайлан орилж байгаа тухай бичсэн байна. Тэмцэгчид үнэхээр Трамп шиг удирдагчийг хүссэн утгатай уриа хэлж байгаа эсэх нь одоогоор эргэлзээтэй, батлагдаагүй байгаа юм.

Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан түүний Эммануэл Макронтой харилцах харилцаа тун сайн байсан. Гэвч сүүлийн хагас жил гаруй хугацаанд Америк, Францын ерөнхийлөгч нарын харилцаа эрс муудаад байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider