Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөрөн: Автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ослын БУРУУТАН НЬ ЖОЛООЧ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны эхний есөн сарын сарын байдлаар автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн 11 осол гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 хувь өссөн үзүүлэлт юм. Харин өнөөдрийн байдлаар 18 осол гараад байна. Эдгээр ослоор нийт есөн хүн хүнд болон хөнгөн байдлаар гэмтсэн тухай Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мөрөн төмөр замын гарам дээр гарч буй ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл өгөх үеэрээ хэллээ. Мөн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол нь 100 хувь автомашины жолоочийн буруутай үйлдлээс болдог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн ослын буруутан нь жолооч гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл нийт 1,815 км урт зам бий. Үүнд гол зам дээр 78, салбар зам дээр 202 нийтдээ 280 гарамтай. Гол зам дээр ажиллаж буй дохиололтой гармууд нь бүгд автоматаар ажиллах бөгөөд “Ойртох хэсэг”-тэй. Энэ нь гармаас хоёр тийш 1,000 метр үргэлжлэх талбар. Тус ойртох хэсэгт зүтгүүрийн эхний хос дугуй гишгэнгүүт дуут дохио автоматаар ажиллаж, хаалт бууна. 

Ойртох хэсгийн 1,000 метрийг галт тэрэг нэг минутын дотор өнгөрөх ба галт тэрэг бүрэн хэмжээгээр гарам өнгөрөх хугацаа нь хоёр минут. Тэгэхээр хоёрхон минут хүлээх тэвчээргүйгээс болж жолооч нар өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байна” хэмээн УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны Төвийн хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч П.Батхуяг энэ үеэр хэлж байлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн дээрх мөргөлдсөн 18 тохиолдлоос гадна автомашин төмөр зам дээр зогссон үед нь машинч яаралтай тоормосолж, аварсан тохиолдол 44 буюу нийт 62 удаа тээврийн хэрэгслийн жолооч нар дүрмээ зөрчжээ. Ингэж машинч галт тэргийг зогсоохоор тоормослоход өгсүүр, уруугаас хамааран 800-1,200 метр газар явж байж бүрэн зогсдог юм байна.

Төмөр зам дээр гарч буй осол, зөрчил нь жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй, төмөр замын дохио, тэмдэг тэмдэглэгээг анхаарахгүйгээс гадна “амжина” гэсэн бодлоор хурдаа нэмж, гарам нэвтрэх гэж оролдсоноос гардаг байна. Тиймээс жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх, анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn