Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун ирэх долоо хоногт Сөүлд айлчлан ирж магадгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт буюу энэ сарын 12-14-ний өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэлд айлчлан ирж магадгүй гэсэн мэдээлэл өнөөдөр тараад байна.

Өмнөд Солонгосын Чосун Илбо сонинд мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “Их 20”-ын уулзалтаас буцаж ирмэгцээ Мягмар гарагт албан ёсны урилгыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн гэнэ.

Өчигдөр Мүүн Жэ Ин өөрийн зөвлөхүүдтэй уг асуудлаар гэнэтийн хурал зохион байгуулжээ.

Бас ерөнхийлөгчийн ордны албан хаагчид Ким Жон Уны айлчлалын асуудлаар Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яамныхантай өчигдөр уулзсан байна.

Энэ оны есдүгээр сард Мүүн Жэ Ин Умард Солонгосын нийслэл Пёньянд айлчлахдаа Ким Жон Уныг анх урьсан ба тэрээр энэ онд багтаан хариу айлчлал хийх амлалт өгсөн гэдэг.

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Умардын удирдагчдын хэн нь ч Өмнөд Солонгосын нийслэлд зочлон ирээгүй байгаа юм. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтууд үргэлж Пёньянд болдог байсан. Умардын удирдагчид Сөүлд уулзахаас татгалздаг байсан нь Пёньяныг бүх Солонгосын түүхэн нийслэл гэж үздэг байсантай холбоотой гэлцдэг.

 

Эх сурвалж: Yonhap News, Chosun Ilbo