Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны Андроид гар утаснуудыг тодорхойлох Snapdragon 855

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Qualcomm компани Snapdragon 855 нэртэй дараагийн үеийн мобайл процессорыг танилцууллаа.

Дэлхийн хамгийн том микро чип үйлдвэрлэгч Хавайд болсон жил тутмын технологийн чуулган дээр энэ тухай зарласан юм. 

Ингэснээр 2019 онд зах зээлд гарах ихэнх Андроид системтэй гар утас Snapdragon 855 процессороор тоноглогдох болж байна. 

Шинэ чипний хамгийн гол үзүүлэлт нь 5G сүлжээнд холбогдож ажиллах чадвар юм. 2019 он нь тавдугаар үеийн харилцаа холбооны технологийг дэлхийд танилцуулсан эхний жил байх болно. Qualcomm компани 5G сүлжээний модем болох X50-ийг үйлдвэрлэхээр бэлдэж байгаа бөгөөд түүнтэй бүрэн зохицож ажиллах хамгийн анхны процессор нь Snapdragon 855 байна.

Шинэ модем нь өнөөдрийн мобайл дата дамжих хурдыг 20 дахин нэмэгдүүлнэ, 5Gbps хүртэл хурдаар мэдээлэл татах боломжтой байна гэдгийг Qualcomm мэдэгдээд байгаа юм.

Гэхдээ 5G сүлжээ 2020 он хүртэл өргөн хэрэглээ болохгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Учир нь мобайл технологийн чих хандлагыг тодорхойлоход чухал нөлөөтэй Apple компани анхны 5G iPhone-оо 2020 онд гаргах төлөвтэй байна.

Үүнээс гадна Snapdragon 855 процессор нь өнөөдрийн 4G, WiFi сүлжээнүүдийн хурдыг сайжруулах ид шидтэй гэгдэж байгаа. Мөн гар утасны тооцоолох үйлдлийг 45 хувь, график дүрслэлийг 20 хувиар илүү хурдан болгоно гэжээ.

Эдгээрээс гадна Snapdragon 855 процессор нь анхны 7 нанометрийн “System-on-chip SoC” архитектуртай чип тул өмнөх 10 нанометрийн 845 процессороос овор хэмжээний хувьд багассан юм. Ингэснээр гар утасны эх бие дотор бага зай эзэлж, бусад төрлийн эд ангиудад илүү их зай чөлөөлж өгөх ач холбогдолтой ажээ.

 

Эх сурвалж: Mashable