Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөө амаржих газрын нярайн эмчилгээ үйлчилгээнд хэрэглэдэг зарим тоног төхөөрөмж дутжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу бидний хэлж заншсанаар Нэгдүгээр төрөх эмнэлгийн захиргаанаас нярайн тасгийн зарим тоног төхөөрөмж дутсан тул цагдаагийн байгууллагад ханджээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл ирсэн. Хэргийг шалгаж байна" гэсэн юм.

Мөн Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгтэй холбогдоход дараах мэдээллийг өглөө.

"2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн Өмч хамгаалах комисс тооллого хийх явцдаа нярайн эмчилгээ үйлчилгээнд хэрэглэдэг зарим тоног төхөөрөмж дутсаныг олж тогтоосон. Ингээд тухайн тоног төхөөрөмжийн хэрэглээ, ашиглалтад хяналт тавьж байх ёстой тасгийн эрхлэгч болон няравт дотоод журмаар хариуцлага тооцоод байна.

Түүнчлэн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дутсан тоног төхөөрөмжтэй холбогдох хэргийг шалгаж, олж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан байгаа. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас урьдчилан хэн нэгнийг буруутгах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.