Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд бойкотоо чуулганы танхимд үргэлжлүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улсын таван гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан талаар өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсны дараа чуулганы хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг өөрөө судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй” гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гишүүд бидний тэмцэлд нэгдвэл “М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг  чуулганы танхимын ширээн дээрээ тавьж болно. Таван гишүүн нэгдэж энэ уриалгыг эхлүүлж байна. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүн бойкот хийх эрхтэй” гэв. 

Ийнхүү гишүүд чуулганы танхимын үүдэнд бичиг барьж суулт хийж байгаад удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоов. 

Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд “Та нар ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл. УИХ-ын үйл ажилалааг хэвийн явуулах шаардлагатай. Та нар хэлэх юм байвал суудалдаа суугаад хэл” гэсэн шаардлага тавив. 

Мөн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би ямар буруутай юм. УИХ-аар хэлэлцэх асуудлаа ярих гэхээр намайг давхар хохироогоод байна. Хуралдааныг үргэлжлүүлмээр байна. Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм. Маргааш танай намын таван гишүүний асуудал орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз" гэлээ.