Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

10,000 га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар Лаосын ААН-үүдэд түрээслэх асуудлыг хэлэлцэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс,  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын  ээлжит 11 дүгээр хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд  болов. 

ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцлоо.

Тус хуралдаанаар Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, ЗГХК-ын 10 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Талууд Монгол, Лаосын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг цохон тэмдэглэжээ.

Монгол Улсад хөдөө аж ахуйн зориулалтаар 10,000 га газар түрээсээр ашиглуулах тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцуулах тухай хэлэлцэв. Мөн Монгол, Лаосын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зам, тээврийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжаар БНАЛАУ-д 1,050 хонь бэлэглэсэнд лаосын тал талархал илэрхийлэв. Монголын тал гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг  тавилаа. Хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачлагыг дэмжиж  ажиллах нь зүйтэй гэж талууд үзэв.

 

Түүнчлэн Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцуудад нэгдэх, АСЕАН-ы зах зээлд орох, худалдаа хийхэд Лаосын тал дэмжихээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах ЭМЯ хоорондын протокол, ЗГХК-ын 11 дүгээр хуралдааны протоколд тус тус  гарын үсэг зурж, Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонгийг хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Лаосын Гадаад хэргийн яамны Ази, номхон далай, Африкийн Газрын Ерөнхий захирал Хатагтай Фонгсамоут Анлавантай  хоёр талын уулзалт хийж Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх болон 2019 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зөвлөлдөж, ГХЯ хоорондын хамтын ажиллагааны асуудлаар тус тус санал солилцов.

ЗГХК-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол, Лаосын найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх,  худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам