Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс Оросын 16-60 насны эрчүүдийг нутагтаа нэвтрүүлэхийг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Газар нутагт нь зэвсэгт бүлэглэл байгуулагдах эрсдлээс сэргийлж, Украины эрх баригчид ОХУ-ны 16-60 насны эрчүүдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглолоо.

Өнгөрсөн Ням гарагаас эхэлсэн Орос-Украины Керчийн хоолойн зөрчил ийнхүү цааш гүнзгийрч байна. Хар тэнгисээс Азовын тэнгис рүү Керчийн хоолойгоор нэвтрэх гэсэн Украины флотын гурван хөлгийг Оросын хилийн харуулууд олзлоод байгаа билээ.

Гурван хөлөгтэй хамт Украины 24 усан цэрэг саатуулагдаад байгаа юм.

Энэ хэргийн дараа Украин улс хуурай газраар Оросын талаас түрэмгийлэл үйлдэхээс сэргийлж, 10 бүс нутагтаа цэргийн дэглэм тогтоогоод байгаа.

Өчигдрийн арга хэмжээ нь Украины газар нутаг дээр Оросын албан бус арми байгуулагдахаас сэргийлэх зорилготой гэж Украины ерөнхийлөгч Петро Порошенко тайлбарласан байна.

Гэхдээ төрөл төрөгсдийнхөө оршуулгад оролцох зэрэг зарим онцгой тохиолдолд Орос эрчүүдийг хил нэвтрүүлэх ажээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Орос эмэгтэйчүүдийг Украины хилээс буцаасан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Эндээс харвал Киевийн тогтоосон хориг бодит байдал дээр илүү өргөн хүрээг хамарч байж болзошгүй байна.

Үүнтэй зэрэгцэн Оросын талд олзлогдсон Украины 21 усан цэргийг Москва руу шилжүүлж, шархдсан гурвыг нь мөн Москвагийн эмнэлэгт хүргэжээ.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээр Азовын тэнгисийн эрэгт хүрэх усан замаа Украины тал хязгаарлуулаад байгаа.

Одоо Украины хөлгүүд Азовын тэнгисийн боомтууддаа хүрэхийн тулд Крымийн хойг, Оросын эх газрыг тусгаарладаг нарийхан хоолойгоор нэвтрэх ёстой болж байна.

Уг хоолой дээгүүр ОХУ-ын шинээр босгосон стратегийн ач холбогдолтой гүүр оршдог. Саяхан Украины ерөнхийлөгч Порошенко NATO-г хөлгүүдээ Азовын тэнгист байрлуулахыг уриалж байв.

Баасан гарагийн шийдвэр нь хилийн хоёр талд ах дүүс, хамаатан садан нь амьдардаг Орос, Украины олон сая иргэний харилцаанд хүндрэл учруулж байгаа юм. Киевийн засгийн газар 2015 оноос эхлэн хоёр орны хооронд шууд нислэг үйлдэхийг хориглосон байдаг.

 

Эх сурвалж: The Guardian