Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооноос анх удаагаа авлигын сэжигтнийг Хятадад буцаан шилжүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Болгар улсад баривчлагдсан авлигын хэргийн сэжигтнийг шилжүүлж авсан тухайгаа Хятадын албаныхан өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь Европын Холбооны гишүүн улсуудаас эрэн сурвалжлагдаж байгаа экс албан тушаалтныг Хятад руу буцаасан анхны тохиолдол болж байна. Авлига, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудыг гадаадаас баривчлах ажиллагааг Ши Жиньпиний “үнэгний ав” нэртэй арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа.

Гэвч Хятадын хууль эрх зүйн системийн ил тод биш байдлаас шалтгаалан АНУ, Европын Холбоо, Канад, Австрали зэрэг улсуудын засгийн газар Бээжинтэй хамтарч ажиллахдаа хойрго ханддаг.

Өнөөдөр гаргасан Хятадын авлигатай тэмцэх дээд байгууллага Үндэсний Хянан Шалгах Зөвлөлийн мэдэгдэлд Болгар улсын эрх баригчдын тусламжтайгаар сэжигтэн Яо Жинчиг шилжүүлж авсныг мэдээлжээ.

“Албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг бид анх удаагаа Европын Холбооны гишүүн улсаас амжилттай шилжүүлж авлаа” гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

Яо нь Хятадын зүүн хязгаарын Зэжянь мужийн засаг захиргааны ажилтан байсан бөгөөд бусдаас авлига авсан хэрэгт шалгагдаж байхдаа 2005 оны арванхоёрдугаар сард гадаад руу оргон зайлжээ.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан түүнийг аравдугаар сарын 17-нд Болгарын цагдаа баривчилж, дараа нь Софи хотын шүүх Хятадад шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Гадаадад дүрвэсэн албан тушаалтнуудын ихэнх нь сайн дураар Хятадад ирж баривчлагддаг ба энэ нь эрх баригчид тэдний ар гэр, хамаатан саднуудыг айлгаж дарамталдагтай холбоотой байж болзошгүй гэсэн сэжиг байдаг.

 

Эх сурвалж: Reuters