Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тамхидалтаас шалтгаалсан нас баралт хоёр дахин нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN

Монгол Улсад сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас үхэж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn
Уушгины хавдрын хамгийн гол шалтгаан болдог тамхины хэрэглээг хязгаарлах шаардлага байгааг Хавдрын үндэсний зөвлөл анхаарууллаа. Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолсон бөгөөд үүнд 141 тэрбум төгрөг зарцуулжээ.
 
Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татдаг гэсэн судалгаа байна. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь тамхи татаж байгаагийн 12.4 хувь нь хүүхэд байгаа гэсэн ноцтой баримт бий.

Тэгвэл Гүрж улс тамхидалттай маш амжилттай тэмцсэн байна. Тус улс нэлээд олон сарын өмнөөс Засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийт хамтран ажилласан нь үр дүнд хүрээд байгаа аж. Тус улс хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчноо нэлээд сайжруулж чаджээ. Тухайлбал, 

  • Олон нийтийн бүх газарт тамхи татах
  • Тамхины ямар нэгэн сурталчилгаа
  • Тамхины компани ямар нэгэн арга хэмжээг ивээн тэтгэх 
  • Гадаа гудамжинд тамхины сурталчилгаа ил байршуулах зэргийг хуулиар бүрэн хориглосон байна. 

Түүнчлэн дэлгүүрүүдэд тамхи ил задгай тавьж худалдахыг хориглосон хууль 2021 оноос хэрэгжиж эхлэх ажээ. Одоогоор хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хоригуудын хэрэгжилт 95 хувьтай байгаа юм байна. Ийм өндөр хувьтай хэрэгжихэд ухуулга, сурталчилгаа маш сайн хийж байгаа бөгөөд үүнд Засгийн газраас тодорхой хөрөнгө гаргаж, дээр дурдсанчлан хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт нягт хамтран ажиллаж буйгаас гадна мониторинг тухай бүрт нь явуулж байгаа юм байна. 

Монгол Улс Тамхины хяналтын тухай хуулиа 2012 онд шинэчилж, 2017 онд импортын тамхины татвар, 2018 онд онцгой албан татварыг нэмсэн. Уг хууль шинэчлэгдсэнээр олон нийтийн газарт тамхи татах явдал харьцангуй буурсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр, ил задгай, ширхгээр тамхи худалдаалсаар байгаа юм.