Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

110 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музейг цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай болжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар, Монголын 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулж байсан түүхтэй энэхүү гайхамшигт өв соёлын дурсгалт газруудын нэг тус сүмийн 110 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэхүү сүм цогцолбор нь бүтээгдэн бий болсон цагаасаа монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн юм.

Уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын энэхүү үнэт цогцолбор нь Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм.

Сүмд хадгалагдах ном судар, ховор дурсгалт эд зүйлс монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл болох ховор дурсгалд тооцогддог тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор "Шинжлэх ухааны хүрээлэн"-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авч байсан түүхтэй.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Эдүгээ Чойжин ламын сүм нь Захиргаа-аж ахуй, Сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн хоёр нэгж, 20 ажилтантай.

Музейн уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл урлагийн үнэт өв болох 6,000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.

Гэвч энэхүү Улаанбаатар хотын төвд орших түүхэн дурсгалт байгууламж нь өнөөдрийн байдлаар бүтэн хэмжээний цогц сэргээн засварлалт хийгдэх шаардлагатай болсон аж.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Түүхэн дурсгалт барилга байгууламж нь үргэлж арчилгаа, тордлого, хамгаалалт шаардаж, байнгын сэргээн засварлалтын дор байсаар ирсэн гэж хэлж болно.

Чойжин ламын сүмын тухай эртний судалгаа, архивыг судлахад үе үеийн төр засгийн зүгээс музейд үргэлж анхаарал хандуулж, үйл ажиллагаанд нь тусалж, сэргээн засварлалтын ажлыг дэмжиж, гүйцэтгэж ирсэн нь харагддаг.

Тухайлбал, 1950-1970-аад оны хооронд БНХАУ-аас түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийг урьж авчруулж, сэргээн засварлуулж, ажиллаж байсан нь харагдсан.

Тэр үеэс эхлэн музейд бага хэмжээний, хэсэг газарт сэргээн засварлалтын ажил хийж ирсэн ч одоо сүм музейг бүхэл цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай бид тулгараад байна.

Манай улсад гэвч энэ талын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтнүүд цөөн байгаа нь ажиглагдаж байна. Харин 1970-аад оны үед "Хуучин сэргээн засварлах газар" гэж байсан ч 1990-ээд онд өмч хувьчлалын үеэр байхгүй болсон нь харамсалтай.

Түүнээс хойш дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг байгууллага, судлаач, түүхч, ажиллах хүчин байхгүй болсон гэж хэлж болно. 

Иймд өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээрээ дурсгалт барилгыг сэргээн засварлах, түүний эрх зүйн орчин, ажлын төсөл боловсруулалт зэргийг судлаач, түүхч, мэргэжилтэн болон оюутнуудтайгаа хэлэлцэн, цаашид ойрын хугацаанд Чойжин ламын сүм музейд гүйцэтгэх цогц сэргээн засварлалтын ажлын талаар хэлэлцэхээр болсонд баяртай байна" гэсэн юм.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Үнэхээр ч манай улсад буй эртний түүхийн дурсгалт газрууд маш олон жилийн турш дахин сэргээн засварт ороогүй, түүнээсээ болж зарим хэсэг нь нурж гэмтэх, удаан хугацааны эдэлгээгүй болсон нь ажиглагддаг. Энэ асуудалд түүхч,судлаач нар мэргэжлийн боловсон хүчин, архитектор мэргэжилтний хэрэгцээ дутмаг, хангалтгүй байдгаас мөн үүдэж түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын ажил удаашрах хандлагатай байдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.

Сэргээн засварлалтын зөвлөх архитектор, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн багш, Доктор З.Оюунбилэг "Эртний түүхэн уламжлалт барилга, байгууламжийг хадгалан сэргээн засварлах ажилд манай улсын хэмжээнд нийт таван архитекторч бүхий л үйл ажиллагаанд оролцож байна. Үүнээс харахад түүхэн барилга байгууламж, дурсгалт газрыг сэргээн засварлаж, хадгалах үйл ажиллагаа болон түүний боловсон хүчин хэр дутмаг байдаг нь харагдаж байгаа юм.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд дурсгалт барилгыг сэргээн засварлалтын дагуу мэргэжилтэн бэлтгэж буй сургууль эсвэл олон нийтийн байгууллага хараахан байхгүй байна.

ШУТИС өнгөрөгч 2014 онд архитектур мэргэжлийн хөтөлбөрийн шинэчлэлийн үед сэргээн засварлалтын онол ба арга зүй, Монголын архитектурын хэмжилтийн дадлага гэх хичээлүүдийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр энэхүү чиглэлд зарим архитекторч нар дагнан мэргэших боломж, сэдлийг нь нээж өгч байгаа юм.

Сэргээн засварлах ажлаар мэргэших ажилтныг олон улсад бэлтгэж мэргэшүүлэхдээ архитектор мэргэжилтэй хүнийг сэргээн засварлалтын ажлаар цааш нь мэргэшүүлж, бэлтгэх хандлагатай байдаг. Энэ жишиг ч мөн манай улсад бий болж, шингэх боломжтой байгаа юм" гэлээ.