Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Устаж үгүй болсон Сибирийн хирсэнд анх удаа генетикийн шинжилгээ хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Устаж үгүй болсон Сибирийн хирс хэмээх амьтны тухай мэдээлэл маш хомс байдаг.

Тэгвэл эрдэмтэд анх удаагаа энэхүү нууцлаг амьтанд генетикийн бүрэн шинжилгээ хийжээ. Үр дүнд нь Сибирийн ганц эвэртний тухай зарим ойлголтуудыг өөрчилсөн байна.

Тухайлбал энэ амьтныг сүүлчийн мөстлөгийн үеэс өмнө буюу 200,000 жилийн өмнө устсан гэж үздэг байв. Тэгвэл аварга хирс үүнээс удаан оршин тогтнож, ердөө 36,000 орчим жилийн өмнө устсан нь тодорхой болжээ. Энэ нь орчин үеийн хүмүүстэй зэрэгцэн оршиж байсан гэсэн үг.

Бас Сибирийн хирсийг одоогийн хирснүүдтэй нэг төрлийн амьтан гэж үздэг байсан бол эдгээр төрөл зүйлүүд 40 сая жилийн өмнө салж, тусдаа хөгжсөн болохыг тогтоосон байна.

Өнөөдрийг хүртэл Сибирийн хирсний тухай мэдээлэл маш хомс байв. Энэ амьтны ясны үлдэгдэл маш цөөхөн олдсон байдаг. 3.5 тонн жинтэй, өнөөдрийн Африкийн зааны хэмжээтэй амьтныг бүрэн гүйцэд танихад олдворууд нь хангалтгүй байжээ.

Тэгвэл энэ удаа олон улсын эрдэмтдийн баг Сибирийн хирсний 23 хэсэг ясны олдвор дээр орчин үеийн генетикийн шинжилгээ явуулж, олон мэдээллийг тодорхой болгосон нь энэ юм.

Хирсийг устах үед хүн төрөлхтөн Орос, Казахстан, Монгол, Хятадын хойд хэсгээр тархан нүүдэллэж байжээ. Гэхдээ хүмүүс энэ амьтныг устаж үгүй болоход нөлөөлөөгүй гэнэ.

Цаг уурын өөрчлөлтийн улмаас идэш нь ховордсон шалтгаанаар устсан байна. Сибирийн хирс зөвхөн ширэг өвсөөр хооллодог амьтан байжээ. Цаг уур сэрүүсэх үед өвсний гарц муудаж, бусад өвсөн тэжээлтнүүд бут сөөг, ургамлын үндэс зэрэг өөр төрлийн хүнс рүү шилжиж эхэлсэн байна. Харин хирс шинэ хүнс тэжээлд зохицож чадалгүй устжээ. Гэхдээ энэхүү аварга амьтан олон сая жилийг туулан амьдарч ирсэн мөртлөө бага зэргийн хүйтрэлд яагаад устаж үгүй болсон нь сонирхол татаж байна. Энэ талаар цааш нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй гэж эрдэмтэд дүгнэжээ.

Одоогоор энэ амьтны эвэр олдоогүй байна. Гэхдээ гавлын яснаас олдсон хэсэгт шинжилгээ хийж үзээд хирсний эвэр нэг метр хүртэл урт ургадаг гэсэн дүгнэлт хийжээ.

Сибирийн хирсийг судалсан ажлын тайлан “Nature Ecology & Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Science Alert