Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын ерөнхийлөгч асан Мугабэ хөл дээрээ зогсож чадахгүй болж, Сингапурт эмчлүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч асан, 94 настай Роберт Мугабэгийн эрүүл мэнд муудаж, хөл дээрээ зогсож чадахгүй болсныг тус улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдээлжээ.

Экс удирдагч сүүлийн хоёр сарын турш Сингапурт эмчлүүлж байгааг тэр бас баталсан байна.

Эрх мэдлээ алдахаас өмнө Мугабэ хэд хэдэн удаа Сингапурт эмчлүүлэхээр явж байсан юм. Жилийн өмнө Зимбабвед гарсан армийн оролцоотой ажиллагааны үр дүнд Мугабэ ерөнхийлөгчийн суудлаас бууж байв.

Тэрээр ерөнхий сайдаас эхлэн ерөнхийлөгч хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж, нийт 37 жил Зимбабве улсыг удирдаж байжээ. Мугабэ нь Зимбабвег цагаан арьстнуудын дэглэмээс салгах тэмцлийг удирдаж байсан юм.

Хэдийгээр бие нь муудаж доройтсон ч экс ерөнхийлөгчийн ухаан санаа саруул, ирэх долоо хоногт эх орондоо эргэж ирнэ гэж Мнангагва ярьжээ.

“Бид түүнийг үгүйлж байна. Тэр бол Зимбабве улсыг бий болгосон эцэг. Эрх чөлөөт Зимбабве улсын эцэг юм” гэж Мнангагва хэвлэлд ярьсан байна.

Засгийн газар Мугабэгийн эмчилгээний зардлыг дааж байгаа гэнэ.

Өнгөрсөн долдугаар сард болсон Зимбабвегийн анхны чөлөөт сонгуулиар Эммерсон Мнангагва ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

Эх сурвалж: AFP