Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тал Крымийн эргийн ойролцоо Украины гурван хөлгийг олзолжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Крымийн хойгийн ойролцоо зорчиж явсан Украины тэнгисийн флотын гурван хөлгийг Оросын тал хил зөрчсөн гэж үзэн гал нээж, олзлон авсан байна.

Хэрэг явдал Азовын тэнгист хүрдэг нарийн усан зам болох Керчийн хоолойд болжээ. Байлдааны хоёр жижиг хөлөг болон нэг чирэгч хөлөг тус хоолойг гатлан Мариуполийн боомтод хүрэхээр зорчиж байсныг Украины тал мэдээлсэн байна.

Энэ үеэр Оросын харуулын хөлөг тэднийг шахаж, гал нээсэн байна. Украины талаас хоёр усан цэрэг шархджээ.

Шахалтын улмаас Украины чирэгч хөлгийн хөдөлгүүр эвдэрч, эх биед нь гэмтэл гарсан байна. Дараа нь Керчийн хоолойг Оросын тал шатахуун тээвэрлэгч онгоцоор хааж, дээгүүр нь байлдааны онгоцнууд нисэж байжээ.

 

Европын Холбоо Керчийн хоолойгоор нэвтрэх боломжийг нээж, түрэмгий үйлдлээ зогсоохыг Оросын талд уриалсан мэдэгдэл гаргажээ.

NATO мөн адил мэдэгдэл гаргаж, олон улсын хууль дүрмийн дагуу Украины талд Азовын тэнгисийн боомтуудад хүрэх боломжийг нээж өгөхийг Оросын талаас шаардсан байна.

Украины дорнод хэсэгт зөрчилдөж байгаа Украин, Орос улсуудын хувьд энэхүү тэнгист гарсан мөргөлдөөн нь тун аюултай алхамд тооцогдож байгаа юм.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын тусгай хүчнийхэн хөлөг онгоцнуудыг нь булаан авсныг мэдэгдээд армийн удирдлагуудаа цуглуулан шуурхай хуралдаан хийж, дараагийн алхмаа хэлэлцэхээр болжээ.

Харин Оросын тал Украины хөлгүүдийг усан хилд нь хууль бусаар нэвтэрч, мөргөлдөөн үүсгэх зорилготой өдөөн хатгалга явуулсан гэж мэдэгдсэн байна.

Крымийг 2014 онд нэгтгэснийхээ дараа ОХУ тус хойгийн орчмын усан бүсийг өөрийн харьяа гэж үзэх болсон юм. Крымийн захирагч Сергей Аксёнов фэйсбүүк хуудсандаа “Киевийн дэглэм өрнөдийн эздийнхээ заавраар уг өдөөн хатгалгыг зохион байгуулсан нь тодорхой” гэж бичжээ.

Харин Украины тал тус хоолойгоор нэвтрэхээс өмнө Оросын талд хөлгүүдийн зорчих замын талаар мэдээлэл өгсөн гэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард мөн энэ замаар зорчсон Украины хөлгүүдэд Оросын талаас дарамт шахалт үзүүлж байсныг тухайн үед мэдээлж байв.

Азовын тэнгист Оросын флот таван хөлөг онгоц нэмж байрлуулсны дараа Украины тал мөн байлдааны хөлгийнхөө тоог нэмэгдүүлэх болсон юм.

 

Эх сурвалж: AFP