Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд үнэхээр саран дээр хөл тавьсан үгүйг Оросууд шалгана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Саяхан ОХУ-ын сансар судлалын агентлаг Роскосмос 2030 онд саран дээр хүн буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа зарласан билээ.

Тэгвэл тус байгууллагын тэргүүн Дмитрий Рогозин энэхүү төлөвлөгөөнийхөө талаар саяхан ярьжээ. Твиттер сүлжээнд өчигдөр нийтлэгдсэн түүний видео ярилцлагад “Бид энэ аялалаараа Америкчууд саран дээр бууж байсан эсэхийг шалгана” гэж тэр хэлсэн байна.

Одоогоос 50 орчим жилийн өмнө NASA-гийн сансрын нисэгчид саран дээр үнэхээр буусан эсэхийг Рогозиноос асуухад тэр ингэж хариулжээ. Түүний хариулт нь хошигнолын өнгө аястай байсан юм.

Гэхдээ дэлхийн олон оронд, тэр тусмаа ОХУ-д саран дээр хүн хөл тавьсан түүхийг зохиомол гэж үздэг явдал түгээмэл байдаг. Зөвлөлт Холбоот Улс туршилтын дөрвөн пуужингаа дэлбэлсний дараа 1970-аад оны дундуур саранд хүн илгээх хөтөлбөрөө зогсоож байв.

2015 онд ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны төлөөлөгч асан эрхэм Америкчуудын саран дээр хөл тавьсан түүхийг шалгах хэрэгтэй хэмээн уриалж байсан удаатай.

20 дугаар зуунд явуулсан олон удаагийн санал асуулгаар “conspiracy theory” буюу энэхүү хуйвалдааны онолд итгэгчдийн эзлэх хэмжээ хүн амын дунд 10 хувьтай байсан гэдэг. Харин сүүлийн жилүүдэд тэдний эзлэх хэмжээ нэмэгдэж эхэлсэн байна.

Тухайлбал Фокс мэдээллийн суваг сарны гадарга дээр хүн буусан түүхийг зохиомол гэж үздэг онолын талаар нэвтрүүлэг цацсаны дараа Америкчуудын 20 хувь үүнд эргэлзэж байгаа нь харагдсан байна.

Британид 2009 онд явуулсан судалгаагаар 25 хувь нь хүн саран дээр буусанд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бол Орост энэ хувь 28 байжээ.

 

Эх сурвалж: Associated Press