Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Хонь бүтэн чоно цатгалан шийдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч холбогдох байнгын хороодоос хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. 

Харин УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бүхэлд нь тавьсан хоригийг тодотгон өөрчилж байгааг мэдэгдсэн. Энэхүү тодотголыг УИХ-ын чуулганаар сая хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр хүлээн авлаа. 

Ингэснээр Ерөнхийлөгчийн дэвшүүлээд буй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн юм. 

Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболдоос тодрууллаа. 

-Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээж авахгүй гэсэн ч тодотгол хийхээр болж байна гэж ойлгож болох уу?

-Ямартай ч хоригийг хэлэлцэх хугацаандаа амжлаа. Хоригийг хүлээж авахгүй гэдэг дээр гишүүд санал нэгдэж байх шиг байна. Хоригийн нэгдүгээр заалттай санал нийлээгүй. Хоёрдугаар заалттай бараг бүх гишүүд санал нийлсэн. 

Хоригийг хүлээж авахгүй учраас 2019 төсөв тэр хэвээрээ үргэлжлээд явна. Хоёрдугаар заалт нь хөдөө аж ахуйн гаралтай экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500 тэрбум төгрөг хүртлэх нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар У.Хүрэлсүхэд даалгасугай өгүүлбэрийг нэмээд хонь бүтэн чоно цатгалан вариантаар шийдэж байна

Яагаад хоёрдугаар заалт руу орсон бэ гэхээр энэ жил нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор 1.3 их наяд орчим төгрөгөөр орлого давж биелэсэн. Түүнээс энэ онд болон 2019 онд 500 тэрбум хүртлэх төгрөгийг Хөгжлийн банканд байршуулаад 5-10 жилийн хугацаатайгаар ЖДҮХС шиг ажиллана. Өөрөөр хэлбэл, төсөв Хөгжлийн банканд хүүгүй мөнгө өгнө, Хөгжлийн банк цааш нь зээлдэхдээ дээд тал нь 3-5 хувийн хүүтэйгээр эх үүсвэр гаргаж өгнө. 

Энэ үйлдвэрүүдийг мэдээж улс барихгүй хувийнхан барина. Жил болгон нядалж байгаа 15 сая малын түүхий эдийг боловсруулах гурван цогцолбор үйлдвэр барихаар ингэж төлөвлөж байна. 

-Тэгэхээр төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү? 

-2018 оны төсөвт энэ жил тодотгол хийнэ. 2019 оны төсөвт энэ мөнгө суугаагүй болохоор мөн тодотгол хийнэ. Гэхдээ энэ жил хэдийг дараа жил хэдийг яаж хувааж суулгах вэ гэдэг дээр уян хатан хандах байх. 

Ерөнхийлөгч хэзээ ч улсын үйлдвэр байгуулна гэж хэлээгүй. Гишүүд мушгиад байсан юм. Жижиг, дунд үйлдвэрт 200-300 тэрбум төгрөг өгчихлөө. Төсвөөс өгсөн мөнгөөр хувийнхан үйлдвэр байгуулдаг. Энэ бол яг ЖДҮХС-тай адил. Энэ зээлээр томоохон хэмжээний үйлдвэрүүд байгуулагдана. 

-Цаашид энэ салбар руу ийм хэмжээний санхүүжилт хийгдэнэ гэсэн үг үү?

-Жил болгон малынхаа түүхий эдийг боловсруулж, Хан-Уул дүүрэгт өмнө нь байсан аж үйлдвэрийн комбинат шиг гурван үйлдвэр баригдах хүртэл энэ санхүүжилтийг олгоно. 

-ТЭЗҮ, зураг төсөлгүй байна гэсэн шүүмжлэл Их хурлын гишүүдийн зүгээс гараад байгаа. Зээл авах гэж байгаа хувийн хэвшлүүд өөрсдөө зураг төслөө гаргана гэсэн үг үү? 

-Тийм. ЖДҮХС-гаас зээл авахын тулд барьцаа хөрөнгө, бизнес планаа хийгээд очдог. Яг түүн шиг. Зээлийн хэмжээ нь л том болохоос биш механизм нь яг ижил. 

-Ерөнхийлөгчийн шаардлага биелэчихлээ гэж үзэх болох уу? 

-Ерөнхийлөгчийн хоригийн зургаан заалтын аль нь ч биелээгүй. Зургаан заалтыг үндэслээд долоо дахь нь болгож энэ 500 тэрбум гэдэг хэсгийг оруулсан. Энэ л биелэсэн. 

-Энэ 500 тэрбумын санхүүжилт ахиад л ЖДҮХС-тай адил болчихвол яах вэ? 

-Адилхан болгохгүйн тулд банкаар олгож байгаа юм. Сайд өгөөд байвал яг л ЖДҮ шиг болно. ЖДҮ-г ч гэсэн сайд өгөхгүй болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ЖДҮХС-гаас зээл авахын тулд ХХААХҮЯ-нд хандах шаардлагагүй болж байгаа. Банкнаас авна.  Манай хоригийн зургадугаар зүйл дээр байсан энэ хэсгийг Засгийн газар хүлээж авсан юм байна. 

-Төсвөөс илүү гарсан мөнгийг Хөгжлийн банк руу суулгаад тодорхой хэмжээний хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлэх нь зөв үү. Үүний зорилго нь юу вэ? 

-Арилжааны банкны зээлээр үйлдвэр байгуулж болохгүй гэдгийг ойлгосон учраас том үйлдвэрт өгье гэж байгаа юм.