Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Улаанбаатар хотын хүн амын 10 хувийг усаар хангаж буй "Гачууртын эх үүсвэр"

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ хэмээн монголчууд их ярьдаг...

Ойрын жилүүдэд дэлхий дахинаа өрнөж буй дэлхийн дулаарал, ургамал, шавж амьтны төрлийн хомсдол, агаарын бохирдол, цэнгэг усны хангамж, хомсдол зэрэг олон асуудлуудтай бид тулгарч байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт тэлж, хүн амын суурьшил ихсэж буй энэ үед хотын бүх хэсгийг усаар хангаж, усан хангамжийг нэмэгдүүлж, усны нөөцийг хамгаалах шаардлага ч мөн бидэнд тулгарч байна.

Улаанбаатар хотноо долоон усан хангамжийн эх үүсвэр ажиллаж байна

Эдгээр усан хангамжуудын нэг томоохон эх үүсвэр болох "Гачууртын эх үүсвэр" ​төслийг хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд танилцуулах аяллыг Япон улсын Элчин Сайдын Яам зохион байгууллаа.

Ундны усны эх үүсвэр гэдэг нь усаа газрын гүнээс авч, сандаа хуримтлуулж, ариутган халдваргүйжүүлэн хэрэглэгчдэд түгээхийг хэлдэг байна.

"Гачууртын эх үүсвэр" нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390,000, орон сууцны 43,500 оршин суугчыг цэвэр аюулгүй усаар хангагдах боломжийг бүрдүүлсэн юм.

 

Улаанбаатар хотын хүн амын 40 хувийг унд ахуйн усаар хангах үүрэг бүхий "Төвийн эх үүсвэрийн станцын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл" 1997-2006 онуудад, 2004-2006 онуудад дээд эх үүсвэрийн станцад "Тоног төхөөрөмж шинэчлэн сайжруулах" зэрэг ажлууд Япон улсын буцалтгүй тусламжаар хийгдэж байсан. 

Тус ажлын нэг хэсэг болох Улаанбаатараас 26 километрийн зайд, зүүн хэсэгт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд орших "Гачууртын эх үүсвэр"-ийг шинээр барьж байгуулах төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлжээ.

Ингэснээр өнөөдөр Улаанбаатар хотын нийт оршин суугчдын арав гаруй хувийг усаар хангаж байна.

 Нэг хоногт 25,200 метр куб усыг олборлон түгээх хүчин чадалтай

 

Одоогийн байдлаар өөрийн хүчин чадлын 40 хувиар ажиллаж буй тус дэд станц нь хоногт дунджаар манай хотын нийт ундны усны хэрэглээний 5-8 хувь буюу 8,000-12,000 метр куб усыг олборлон иргэдэд хүргэж буй талаар УСУГ-ынхан онцолсон бөгөөд тус байгууламжийн ашиглалтыг өдгөө тэд хариуцан ажиллаж байна.

УСУГ-ын горимын тооцооны дагуу долоон эх үүсвэрийнхээ үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор тохируулдаг байна. Учир нь нэгнээс нь их ус аваад нөгөөгөөс нь бага ус авч болдоггүй аж. Үүнээс гадна айл өрхийн хэрэглээнээс хамааран түгээх усны хэмжээг цаг тутам ч мөн өөрчлөж байдаг байна.

Иргэдийн усны хэрэглээ жил ирэх тусам ихсэж байна

 

Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү “Манай Улсад усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулан шинэчлэх ажлыг 1996 оноос Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэж эхэлсэн.

Тус ажлууд хийгдэж эхэлснээс хойш Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн найдвартай ажиллагааг хангаж чаддаг болсон гэж хэлж болно.

Сүүлийн үед Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас ирж буй иргэдийн тоо нэмэгдэж, хотын захын гэр хорооллоор суурьших болсон. Үүнтэй холбогдуулан манай хотын баруун хэсгийн усан хангамжийг сайжруулахад тус эх үүсвэр нь томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Гачууртын эх үүсвэр нь одоогийн байдлаар бүрэн хүчин чадлынхаа 30-40 орчим хувийг ашиглан ажилладаг.

Төслийн дагуу бид дараагийн ажил болох Улаанбаатар хотын баруун бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу транзит шугамуудыг байрлуулахаар ажиллаж байна. Ингэсний дараагаар станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжтой болно гэсэн үг.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Дарь-Эх, Дамбадаржаа, Толгойт, Чингэлтэй, Дэнжийн 1000, Баянхошуу зэрэг гэр хорооллын хэсгүүд төвлөрсөн шугамд холбогдсон ба 24 цагаар тасралтгүй ус авах боломжтой болсон юм.

Манай байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг хүний усны хоногийн хэрэглээ 140 литр байна

Харин гэр хороололд амьдарч буй хүний усны хэрэглээ 2000 оны үед хоногт зургаан литр орчим байсан бол одоогоор 7.8 литр болсон үзүүлэлттэй байна" гэлээ.

Үүнээс харахад иргэдийн усны хэрэглээ жил ирэх тусам ихсэж байгаа ба иргэдийн дунд усны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

 

"Гачуурт эх үүсвэр"-ийн ажиллах хүчин чадал

  • Хоногт 25,200 метр куб усыг олборлоно,
  • 21 ширхэг гүний худаг,
  • Усан сан 3000*2,
  • 700мм. хүчитгэсэн шилэн доторлогоотой шинэ технологи бүхий 18,8 километр ус дамжуулах шугам,
  • 5.5 километр цуглуулах шугам,
  • Халдваргүйжүүлэх төхөөрөмж зэргийг тус тус суурилуулжээ.​
Гачууртын эх үүсвэр нь Зүүн хойд бүсийн усан сангаар дамжуулан Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Дамбадаржаа чиглэлийн гэр хорооллыг усаар хангах цаашид дээрх гэр хорооллуудад дахин төлөвлөлт хийж барилгажуулахад ундны усаар хангах томоохон ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгийг онцлох нь зүйтэй юм.

Япон улсаас Монгол улсад үзүүлсэн Хөгжлийн албан ёсны тусламж нь 1977 онд байгуулсан "Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т үндэслэн "Говь" ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулах буцалтгүй тусламжаар эхэлж байсан түүхтэй.

Буцалтгүй тусламжийг Япон улс бусад хандивлагч байгууллагуудтай хамтран:

  • Дэд бүтцийн салбарт /цахилгаан станц, харилцаа холбоо, тээвэр/,
  • Хөдөө аж ахуйн салбарт /мах боловсруулах байгууламж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууламж, үр тариа хадгалах байгууламж/,
  • Боловсролын салбарт /анги танхим, шинэ сургууль/ зэрэг байгуулахад тусламж үзүүлсээр иржээ.

Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт тусламжийн хэмжээ 326 тэрбум 765 сая иенд хүрээд байна.

Харин ирэх жилүүдэд тус улсаас орж ирэх буцалтгүй тусламжийн хэмжээ багасах хандлагатай болоод байна. Учир нь Дэлхийн Банкнаас тогтоосон "IDA" стандарт нь Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөнөөр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дээрх стандартын тогтоосон хэмжээг даваад байгаа ажээ.