Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бямбасүрэн: МАХН Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь харах байр суурьтай байгаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд эрчимтэй өрнөж буй улс төрийн асуудлуудын хүрээнд МАХН-аас байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Э.Бямбасүрэн "Манай нам УИХ-д ганц суудалтай. Уг төлөөллөөрөө дамжуулж, намын зүгээс гаргасан бодлого чиглэлийг иргэдэд хүргэдэг. Сүүлийн үед УИХ-д сонгогдсон МАН ард түмний төлөө гэхээс илүү нам дотроо талцан бужигнаж, ард түмний амьдралд анхаарлаа хандуулахаа болилоо. МАН-ын гишүүд 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн асуудалтай холбоотойгоор талцаад ард түмний татварын мөнгийг яаж үрэн таран хийж байгааг харж байна.

Тийм учраас МАХН-ын зүгээс иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын нэг болон ипотекийн зээлийн асуудлыг УИХ дахь гишүүнээрээ дамжуулан гарган тавьж байна. Өнөөдөр монголчууд бүгдээрээ буюу оюутан нь сургалтын төлбөрийн, ажилчид нь цалингийн, хөгшчүүд нь тэтгэврийн зээлтэй байгаа.

Манай гишүүн энэ асуудал дээр эрчимтэй ажиллаж, энэ асуудал дээр судалгааны ажлууд хийж байна" гэв. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрыг огцруулах асуудалд МАХН ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайх ганц гишүүнтэй. Ганц гишүүн маань ард түмний талд гэдгээ хэлчихсэн. Иргэдийн хувьд одоогийн Засгийн газрын ажлыг хийлгэе. Үр дүнг нь харах байр суурьтай байх шиг байна. Бид ч Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, үр дүнг нь хармаар байгаа.

Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН өөрсдөө дотоод зөрчлөөсөө үүдэн гаргасан. Энэ засгийн газраа унагаагаад дахиад шинээр бүрдүүлбэл бүр мафийн шинжтэй засаг бүрдэх шинжтэй байна. Үүн дээр манай нам ард түмний талд ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил гацсан байсан ажлуудыг хөдөлгөсөн. Энэ ажлыг нь тасалдуулах зорилго нөгөө бүлэгт нь байна.

-МАХН-ын бүртгэлийн асуудал шийдэгдсэн үү?

-Манай нам дээд шүүх дээр бүртгэлийн асуудалтай байгаа учраас одоогоор албан ёсны даргагүй байна. Тиймээс УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан байр сууриа илэрхийлж байгаа.