Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж, албан бичиг гардууллаа.

Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн энэ талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн.  

Эдгээр гишүүдийг гарын үсэг бүхий шаардлагаа гардуулсны дараа УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийн нэрсийг дуудаж, чуулганы хуралдаанд оролцохыг шаардав.

Мөн тэрбээр "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина" гэв. 

Ийнхүү товлогдсон цагаасаа хойш гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар эхлэлгүй хоёр цаг болсон чуулганы хуралдааныг 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын дарга эхлүүллээ. Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын таван гишүүн өглөө ирцэд бүртгэгдсэн ч чуулганы танхимаас гарч явсан. Хуралдаан эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй байсан учир зарим гишүүний өглөөний ирцээр ийнхүү нэгдсэн чуулганыг эхлүүлсэн юм. 

УИХ-ын чуулганаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.