Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дуу чимээгүй нисэх онгоц өнөөдөр түүхэн нислэгээ үйлдэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зөгнөлт кинонд гардаг шиг ямар ч хөдөлгүүр, сэнсгүйгээр агаарт хөвдөг нисэх онгоцыг өнөөдөр буюу АНУ-ын цагаар Лхагва гарагт физикчид анх удаа турших гэж байна.

Уг онгоц нь ямар ч хөдөлдөг эд ангигүй, цул биетэй бөгөөд цэнэглэгдсэн агаарын молекулуудын тусламжтай нисдэг юм.

Зуу гаруй жилийн өмнө буюу 1903 онд ах дүү Орвилл болон Уилбур Райт нар анхны нисэх онгоцыг агаарт хөөргөж байсан бол одоо ямар ч түлшгүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй анхны онгоцыг турших гэж байна.

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуулийн мэргэжилтнүүд электродинамикийн үзэгдлийг анх удаа нисэх онгоц хөөргөхөд ашиглаж чадахаар болсон нь энэ юм.

Туршилтын нисэх онгоц нь 5 метр урт далавчтай байх ба 55 метрийн зайг секундэд 4.8 метрийн хурдтай туулна гэж төлөвлөжээ.

Хэдийгээр эхний туршилтаар хол зай туулахгүй, их хурд гаргахгүй харагдаж байгаа ч энэ бол маш том дэвшил юм. “Ирээдүйн нисэх онгоцнууд ямар нэг сэнсгүй, хөдөлгүүргүй байх юм. Энэ нь яг л ‘Star Trek’ дээр гардаг шиг хөх гэрэлтэй, чив чимээгүй агаарт хөвдөг байх болно” гэж туршилтын загварыг зохион бүтээсэн Стивен Баррет ярьж байна.

Хөдөлгүүрийн оронд уг онгоц нь хоёр хэсгээс бүрдсэн хөөргөх системтэй байх гэнэ. Онгоцны урд хэсэгт байрлах нэгдүгээр хэсэг нь маш хөнгөн металл утсаар хийсэн хэд хэдэн зэрэгцээ электродууд юм. Эдгээр нь +20,000 вольтын хүчдэл гаргах ба ингэснээр ойролцоох агаарын молекулуудыг цэнэгжүүлж, сөрөг цэнэгтэй ионуудыг ялгаруулна.

Харин хойд далавчинд -20,000 вольт цэнэгтэй утаснууд байрлах юм. Ялгарсан ионууд автоматаар эерэг цэнэгтэй хэсгээс сөрөг цэнэгтэй рүү урсаж эхлэх ба энэ үзэгдлийг “ионы салхи” гэж нэрлэдэг. Уг үзэгдлийн нөлөөгөөр онгоц агаарт нисэх ёстой ажээ.

“Ионы салхи” үүсгэх технологи 1960-аад оны үед бий болсон ч онгоц нисгэх хэмжээнд хүртэл ашиглаж чаддагүй байсан юм.

Зохион бүтээгчид нь энэ аргаар илүү том, хурдтай нисэх онгоцыг нисгэдэг болно гэж төсөөлж байгаа гэнэ. Ийм аргаар ирээдүйд бүхэл бүтэн онгоц нисгэж болохоос гадна одоогийн нисэх онгоцнуудын гадна хэсэгт ашиглаж, агаарын эсэргүүцлийг бууруулж болно гэж тооцоолж байна.

Өөрөөр хэлбэл ойрын үед ашиглаж болох шийдэл нь нисэх онгоцнуудын шатахууны хэрэглээг бууруулах гэнэ.

Одоогоос 115 жилийн өмнө ах дүү Райт нарын зохион бүтээсэн анхны нисэх онгоц 12 секундын хугацаанд нисэж байжээ. Тэгвэл өнөөдөр болох хоёр дахь түүхэн нислэг бас 12 секунд үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: AFP