Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск марихуан татсан явдлаас шалтгаалан SpaceX компанид NASA шалгалт хийхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Одоо АНУ олон улсын сансрын станцад нисэгчдээ хүргэхдээ Оросын хөлгийг ашиглаж байгаа. Харин SpaceX, Boeing компаниудын пуужингийн туршилт амжилттай болвол Америкчууд бие даан сансарт нисдэг болох юм.

Тэгвэл NASA өөрийнх нь пуужинг зохион бүтээж байгаа компаниудын ажлын байрны дэг, соёлд үнэлгээ өгөх зорилготой шалгалт хийхээр болсныг өчигдөр Вашингтон Пост сонин мэдээлжээ.

Ингэх болсон шалтгаан нь SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн есдүгээр сард олны өмнө марихуан татаж байсантай холбоотой гэнэ.

Тэрээр Жой Роганы подкаст нэвтрүүлэгт оролцохдоо марихуан татаж, виски ууж байсныг видео шууд дамжуулалтаас олон хүн харсан юм.

NASA-гийн шалгалт компаниудын техникийн асуудалд анхаарахгүй бөгөөд харин дотоод журам, менежмэнтийн хэв маяг, ажлын байрны соёл, ажлын цаг зэрэгт анхаарах гэнэ.

Шалгалт ирэх оны эхнээс эхэлж, хэдэн сарын турш үргэлжлэнэ гэж мэдээлжээ. Шалгалтын хүрээнд компаниудын хэдэн зуун ажилтантай ярилцлага хийхээр төлөвлөсөн байна.

Сансрын хөлгийг бүтээж байгаа компаниудын дотоод дэг журам нь техникийн аюулгүй, найдвартай байдалд нөлөөлнө гэж үзсэний үндсэн дээр ийм ажил зохион байгуулж байгааг Вашингтон Пост тайлбарлажээ.

Өнгөрсөн найм, есдүгээр сарууд Илон Маскын хувьд хүнд цаг үе байсан. Тэрээр худал мэдээлэл зах зээлд цацсаныхаа төлөө Үнэт Цаас, Арилжааны Хороонд $20 саяар торгуулж, Тесла компанийн үйлдвэрлэлийн хэмжээг ашигтай түвшинд хүргэхийн тулд нойр хоолгүй ажиллаж байгаагаа зарлаж байв.

Маск бас Тайландын агуйгаас хүүхдүүдийг аварсан аврагчтай хэрүүл маргаан үүсгэж, олон нийтээс хүчтэй шүүмжлэл сонсож байсан юм.

 

Эх сурвалж: CNET