Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт “бусдын өмнөөс дараалалд зогсох” бизнес эрэлттэй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Шинэ iPhone худалдаж авах, Бродвэйн тасалбар авах зорилгоор хүмүүс хэдэн цагийн өмнө, заримдаа бүр хэдэн өдрийн өмнө дэлгүүр, үйлчилгээний газрын үүдэнд дугаарлан зогсдог.

Тэгвэл АНУ-д сүүлийн үед ийм ажлыг мэргэжлийн “дараалалд зогсогч” захиалж мөнгө төлдөг арга өргөн хэрэглэгдэж эхэлжээ. Хүмүүст цаг үнэтэй болсон үед энэ нь үнэхээр хэрэгтэй үйлчилгээ болсон байна.

Дараалалд зогсох захиалга авдаг компаниуд олноор бий болсноос гадна ийм хэрэгцээтэй хүмүүсийг холбож өгдөг InLine4You гар утасны аппликэшн хүртэл бий болжээ.

Бусдын өмнөөс дараалалд зогсох боломжтой хүмүүс энд зараа үнэтэй нь тавьдаг. Үйлчилгээ цагаар хэмжигддэг ба дунджаар цагийн $25 төлбөртэй байдаг байна. Захиалагч нь заруудаас сонгож, хаана, хэзээ, хэдэн цагийн өмнөөс дараалалд зогсохыг захиална.

Тэд үйлчилгээгээ өгөлцөж, авалцсаны дараа төлбөр нь автоматаар шилждэг байна. Аппликэшныг бүтээгч нь төлбөрөөс багахан шимтгэл авдаг гэнэ.

Энэ үйлчилгээг санаачилсан Даррен Хромадка анх Небраскагийн Омахад нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын жил тутмын хувь эзэмшигчдийн хуралд оролцох гэж найз нар нь урт дараалалд зогссон түүхийг сонсоод санаа авсан байна.

“Woodstock of Capitalism” гэж албан бусаар нэрлэдэг энэхүү гурван өдрийн арга хэмжээнд оролцож, аль болох ойр суудлаас тэрбумтны “алт шиг” үгийг сонсохын тулд олон мянган хүн үүр цайхаас эхлэн дугаарлан хүлээдэг байна.

2017 онд Уолл Стрит журналд ярихдаа Баффет хэрвээ өөрөө ийм урт дараалалд зогсох бол өмнөөсөө хүн зогсоох байсан гэж ярьж байжээ.

Одоо Хромадкагийн аппликэшныг Америк даяар 22,000 хүн татаж суулгаад байгаа гэнэ. Хэрвээ дараалалд зогсох газар хол, цаг уур таагүй бол цагийн үнэлгээ $25-аас дээш өсдөг байна. Бас хэр үнэ цэнэтэй зүйлийн төлөө зогсож байгаагаас хамаарна.

Энэ Баасан гарагт “Хар Баасан гараг” гэгддэг худалдааны томоохон хямдрал зарлагдах тул том дэлгүүр, худалдааны төвүүдийн үүдэнд дугаарлан зогсох захиалга эрэлттэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider