Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол 2018 оны жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

ikon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын Жилийн тайлангийн хурал 2018 оны 11-р сарын 16-ны Баасан гарагт Шангри-Ла зочид буудлын Парис- Бээжин танхимд боллоо.

Хуралд Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер болон АмЧамын 50 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл оролцож, АмЧамын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны ажлын зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн зарим гишүүдийг шинээр сонголоо.

АмЧам Монголын ТУЗ-д МСМ Группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Дэвид Райнэр, MCS Холдинг ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Д. Энхцэцэг, Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургуулийн ТУЗ- ийн дарга Гари Биондо, Махони Лиотта хуулийн фирмийн Партнер Жэй Лиотта, Хаан Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, PwC Монголын Ахлах менежер Марина Тарнавска, Оюу Толгой ХХК-ийн Ерөнхий менежер Ж. Сүнжидмаа нар олонхийн саналаар сонгогдлоо. Мөн Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Халилов ТУЗ-ийн шинэ даргаар томилогдов.

АмЧам Монголын ажлаа хүлээлгэн өгч буй ТУЗ-ийн дарга Стив Поттер арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ

“2019 он ойртож буй энэ үед Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалаа тодорхойлсон явдалд миний бие баяртай байгаа бөгөөд уг баримт бичигт тусгасан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим дэмжлэг үзүүлэх боломжтойг тусгайлан дурдсан билээ. Энэхүү засгийн газар хоорондын баримт бичиг нь бидний сүүлийн жилүүдэд гол анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн бодлогын асуудлуудыг агуулсан бөгөөд АмЧам Монголын гишүүд болон нийт Монголын ард түмэнд бодитоор ашиг тус авчрах хүчин чармайлтад маань дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэв.

Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер хэлсэн үгэндээ

“Бүх улс тусгаар тогтносон, аюулгүй орших бүс нутгийг бий болгох нь Америкийн Нэгдсэн Улсын алсын хараа юм. Бид хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцлийг бүрдүүлж, эдийн засгийг нээлттэй, ил тод, эрх зүйт хэм хэмжээнд нийцүүлэн хөгжүүлэх засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжихийг эрмэлздэг. Мянганы Сорилтын Сангийн 2 дахь компакт гэрээний 350 сая ам.долларын санхүүжилт нь эдгээр зорилтыг бодит байдалд хэрэгжүүлж буй нэг тод жишээ юм. Бидний хамтын эрхэм зорилго бол Монгол Улсыг АНУ-ын гадаад бодлогын чухал түнш болгоход оршиж байгаа юм. Энэхүү зорилгод хүрэхэд бидэнд хувийн хэвшлийн оролцоо, мөн Америкийн бизнесийн нийтлэг үнэт зүйлс болох ил тод байдал, хээл хахуультай тэмцэх хүчин зүтгэл, компанийн нийгмийн хариуцлага хэрэгтэй юм. АмЧам Монгол болон бизнес эрхлэгчид мөн адил энэ зорилгод хүрэх гол түлхүүр байх юм” хэмээв.

АмЧам Монголын үүсгэн байгуулагч Жэксон Кокс хэлсэн үгэндээ

“Монголд бизнесийн салбарыг дэмжиж хөгжүүлэх нь зайлшгүй зөв зүйл бөгөөд АмЧам Монголын үндсэн зорилго нь үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулж улмаар хамтын хүчин чармайлтаар бизнесийг хөгжүүлэх явдал юм” гэв.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.