Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд дутагдаад буй шударга ёс, итгэлцлийг Jamuha блокчэйн платформ бий болгоно

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийг Аж үйлдвэрийн IV хувьсгалд хөтөлсөн БЛОКЧЭЙН технологийн хөгжлөөр Монгол Улс бусад оронтой нэг гараанд, дийлэнхээс нь бүр түрүүлж алхаж буйг өнөөдөр албан ёсоор танилцуулсан үндэсний блокчэйн платформ Jamuha илтгэлээ. 

Цөөхөн хүн амтай ч хөгжлөөрөө гайхагдсан Эстони улсын талаар монголчууд өнгөрсөн зуны Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр л мэдэж авсан. Тэгвэл тус улс Аж үйлдвэрийн IV хувьсгалын түлхүүр блокчэйнээр түүчээлнэ гэдгээ E-Stonia бодлогоороо илэрхийлж, сонгууль, хот төлөвлөлт, татвар, эрүүл мэнд зэрэг 15 салбарт блокчэйн технологид суурилсан төсөл хэрэгжүүлж байна. Тус улсын араас Канад, Англи, Сингапур, Гүрж зэрэг орон алхаж байна. Азидаа технологиор толгой цохидог орнуудын нэг БНСУ бүтэн нэг жил хоёр сар судалгаа хийсний үр дүнд 2019 оны төсөвтөө 4.4 тэрбум ам.доллар суулгаж, үндэсний блокчэйн платформ хөгжүүлэхээ хоёр сарын өмнө зарласан бол Австралийн Засгийн газар мөн энэ чиглэлээр өнгөрсөн есдүгээр сард шийдвэр гаргаж, IBM-тэй 1.6 тэрбум ам.долларын гэрээ үзэглэжээ. Англичууд эрүүл мэндийн салбараа блокчэйн болгохоо 10 хоногийн өмнө мэдээлсэн бол ердөө хоёр хоногийн өмнө Малайзын Засгийн газар, Боловсролын яам нь их, дээд сургуулийнхаа бүх дипломыг блокчэйн болгох тухайгаа мэдэгдсэнийг ICT группийн захирал, үндэсний блокчэйн платформ Jamuha-г санаачлагч Г.Лхамсүрэн онцлоод дэлхий нийтээрээ мэдээллийн төвлөрсөн системээс татгалзаж эхэлснийг дурдлаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Блокчэйнээр хийгдэж буй бүх ажлын 90 гаруй хувь нь Ethereum, үлдсэн хувь нь Vchain, EOS, NEO гэсэн платформ дээр гүйцэтгэгдэж байгаа аж. Харин Jamuha эднээс ямар ялгаатай вэ. 

Лабораторийн түвшинд судалснаар Jamuha платформ дээр нэг блок үүсгэх дундаж хугацаа 10 секунд, нэг секунд тутамд хийгдэх гүйлгээний тоо 1,000 бөгөөд нэг гүйлгээг баталгаажуулах зардал 5-50 төгрөгт багтахаар байгаа аж. Энэ нь блок үүсгэх хугацаагаараа тухайлбал Ethereum-аас 5 секундээр хурдан, секундэд хийх гүйлгээний тоогоороо 80 дахин олон, төлбөрийн хувьд бараг 15 дахин хямд гэсэн үг.  

Улс орнуудын хувьд ийнхүү төрийн үйлчилгээг блокчэйн болгохоос гадна Toyota, BMW, LV, Bank of America гэхчлэн томоохон компаниуд үйл ажиллагаагаа найдвартай болгох, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх зэрэгт энэ технологийг ашиглаж байна. Монгол Улсын хувьд юун түрүүнд төрийн байгууллагуудын бүртгэлүүдийг блокчэйн болгох нийгмийн шаардлага байгааг сүүлийн үед өрнөөд буй үйл явдлууд харуулж буй юм. Учир нь блокчэйн технологийн хамгийн том давуу тал нь мэдээллийг тархмал байдлаар агуулах систем бөгөөд тухайн системд нэгэнт оруулсан мэдээллийг хэн ч харах боломжтой. Өөрөөр хэлбэл, хамгийн ил тод, баталгаатай байх боломжтой.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнээс гадна нэгэнт оруулсан мэдээллийг засах, хуулбарлах төдийгүй хакердах ч боломжгүй. Энэ утгаараа маш том итгэлцлийг бий болгож буй юм. Тухайлбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх санг блокчэйн системд холбосон байсан бол өнөөдөр болоод байгаа шиг төрийн өндөр албан тушаалтнууд хөшигний ард их хэмжээний мөнгө авах боломжийг технологи өөрөө олгохгүй байв. Тиймээс “Нийгэмд шударга ёс алдагдаж, итгэлцэл үгүй болсноос болж авлига, хууль бус үйлдэл газар аваад буй яг энэ үед Jamuha-ийг нэвтрүүлж байгаа цагаа олсон үйл явдал болов уу” хэмээн ICT группийн захирал Г.Лхамсүрэн онцоллоо.

Одоогийн байдлаар "Эрнест Энд Янг", "Грэйпсити", Албан журмын даатгалын холбоо, Үндэсний даатгалын холбоо, "Монр"е даатгал, "Ананд Адвокац" зэрэг байгууллагууд Jamuha-г ашиглан, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бол “Гацуурт” компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ бүртгэлжүүлэхээр хэлэлцэж байгаа аж. Төрийн байгууллагуудаас БСШУСЯ, Оюуны өмчийн газар хэлцэл хийжээ. Бүртгэлийн систем ийнхүү тархмал бүтцэд орж, баталгаажсанаар хэн нэгэн хүн оюуны өмч давхардахгүй, хэн нэгэн тэр эрхийг зөрчихгүй байх боломж бүрдэх бол даатгалын салбарт учирдаг даартгалын залилан үгүй болно гэх мэт олон давуу талтай. Ерөнхийдөө блокчэйний үр дүнд мэдээллийн аюулгүй байдал, орон зайн үгүйсгэл, итгэлцэл гэсэн гурван том зүйл бий болж, тодорхой хугацааны дараа хүмүүсийн ёс зүй механикаар сайжирна хэмээн Jamuha-г бүтээгчид харж байгаагаа илэрхийллээ.