Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. 

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. 

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна. 

Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.

Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байна. Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолж байна.