Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг ижил тоонуудаар 25 жил сугалаанд оролцсон тэтгэврийн хүн эцэст нь $343 саяыг хожжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-д зохион байгуулагддаг Powerball хонжворт сугалаанд оролцогч Роберт Бэйли хэмээх 67 настай тэтгэврийн хүн $343 саяыг хожсоныг өчигдөр зарлажээ.

Энэ нь Нью Йоркийн оршин суугчдын түүхэнд хамгийн том хонжворт тооцогдож байна. Тэрээр 8, 12, 13, 19, 27, 4 гэсэн зургаан тоогоор 25 жилийн турш сугалаанд оролцож байгаа бөгөөд цаашдаа ч тасралтгүй энэхүү аз дагуулдаг тоонуудаараа оролцоно гэжээ. Анх гэр бүлийнхээ нэг гишүүнээс эдгээр тоонуудыг өвлөж авсан гэнэ. Өмнө нь Бэйли энэ тоонуудаараа дээд тал нь $30,000 хожиж байжээ.

Холбооны засаг захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх Бэйли яг ямар ажил хийдэг байснаа хэвлэлийн хурлын үеэр хэлээгүй нууцалсан байна.

Тэр уг нь $700 орчим саяыг хожсон ч давхардаж хожсон Айовагийн нэгэн эмэгтэйтэй тэнцүү хуваахаар болжээ. Ингээд хуульч, санхүүгийн зөвлөхтэй уулзсаныхаа дараа Бэйли хонжвороо авахаар сугалааг зохион байгуулагчдад хандсан байна.

Тэрээр татвараа төлөөд $198 саяыг авах юм.

Сугалаанд хожсоноо мэдээд цочролд орсон Бэйли “Азын тоонууд минийхтэй адил харагдаж байна” хэмээн өөртөө дахин дахин хэлж, телевизээр шөнөжин янз бүрийн шоу үзэн тайвшрахыг оролдож байжээ. Одоо тэр мөнгөөрөө байр, газар худалдан авч, үр удамдаа хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулна гэж ярьж байна. Мөн Лас Вегас, Карибын тэнгисээр аялах хүсэлтэйгээ ярьжээ.

Бас өөрийн төрөлх Манхеттэнд зарим хэсгийг нь хандивлах төлөвлөгөөтэй байгаа Бэйли “мөнгө намайг өөрчлөх ёсгүй, би өөрөөрөө үлдэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Powerball сугалаанд хожих магадлал 292.2 саяд нэг байдаг.

 

Эх сурвалж: Associated Press