Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Air France компанийн хоёр онгоц дараалан эвдэрч, зорчигчдоо Эрхүүд хоёр хонуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Францын агаарын тээврийн Air France компанийн Парисаас Шанхай чиглэлд ниссэн AF116 аялалын дугаартай онгоцонд техникийн доголдол гарсны улмаас Ням гарагт Сибирийн Эрхүү хотод ослын буулт хийжээ.

Boeing 777 онгоцны дотор эвгүй үнэр тарж, утаа гарсан тул төлөвлөөгүй газарт буухаас өөр аргагүй болсон байна.

Улмаар гэмтэл богино хугацаанд засварлагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг инженер, техникчид гаргасан тул зорчигчдоо Эрхүүгийн зочид буудалд буулгаж, Парисаас өөр онгоц дуудахад хүрчээ.

Гэтэл маргааш нь ирсэн хоёр дахь онгоцонд дахин гэмтэл илэрч, хөөрөх боломжгүй болсон байна. Зорчигчид Эрхүүд дахиад нэг хонохоос өөр аргагүй болжээ. Дулаан газраас ирсэн хүмүүс Сибирийн хүйтэнд нэлээд зутарсан байна. Үүнээс гадна зорчигчдод ОХУ-д нэвтрэх виз байхгүй тул онгоцноос ачаагаа авч чадахгүй, буудлаас гарах бүртээ цагдаа дагуулж явж байсан гэнэ.

Эрхүү орчмын агаарын хэм одоо шөнөдөө Цельсийн -20, өдөртөө -10 орчим байгаа юм. Мягмар гарагийн өглөө Парисаас гурав дахь нисэх онгоц ирснээр аялал цааш үргэлжлэхээр болжээ.

Ердийн үед 11 цаг үргэлжилдэг аялал бараг дөрвөн өдөр үргэлжилсэн нь энэ юм. Air France компани зорчигчдоосоо уучлал гуйж, энэхүү саатлыг “онцгой тохиолдол” гэж нэрлэжээ. Уг нислэгээр Францын Louis Vuitton компанийн төлөөлөгчид аялж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com