Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Өгсөх зам”-аас өөрийгөө цэнэглээрэй

ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

-Хүн алхам тутам суралцаж байх учиртай-

Монголын 50 манлайлагчийн 700 бодит түүх, туршлагыг нэг дор багтаасан “Өгсөх зам” ном миний ярилцлага хийхээр цаг товлосон хэд хэдэн топ компанийн захирлуудын ширээн дээр байж таарсан юм. Зарим нь энэ номонд уригдан оролцож, өөрийн туршлагаа бас хуваалцжээ. Завгүй ажлынхаа хажуугаар нүдэнд хамгийн ойр газраа байлган уншиж байгаа гэх эл номыг энэ удаа олзуурхан танилцуулж байна. Худалдаанд гараад хагас жил болж амжаагүй байгаа хэдий ч олон хүний анхаарал татаж чадсан “Өгсөх зам” хэн нэгэн улстөрчийн намтар, түүхийг танд хүүрнэхгүй. Уран зохиол, урлаг, соёл, спортын тухай ч энд нэвт шувт гарахгүй. Тэгээд юуны тухай өгүүлдэг юм бэ гэж үү. 

Эхэнд дурдсан 500 эрхэм нэг ижил 14 асуултад хариулж, тэдний мэдлэг, туршлага, алдаа оноо, харах өнцөг, хандлага, итгэл үнэмшил, зөвлөмж болгоноор энэ ном бүтжээ.
 
Компанийн захирал, байгууллагын удирдлага, багийн ахлагч, албаны даргаар ажиллах нь цагаа тулахаар тийм амар биш. Хүнээс тэвчээр, ухаан, туршлага, мэдлэг гээд юм болгоныг шаардаж байдаг. Төгс хүн байхыг бас тулгадаг. Эдгээрт түүртэхгүй, тэвдэхгүй урагшлах л хамгийн чухал. Гэвч нөхцөл байдал, уур амьсгал, цаг хугацаа, хүмүүсийн хандлага хоорондоо харилцан адилгүй, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүний голыг нь удирдагч хүн олж, чигээ алдахгүй, бусдад автахгүй, зорилгоо улам тодотгож, тодорхойлж явна гэдэг өөрөө том сорилт. 

Удирдагч хүн бусдыг захирдаг бус дагуулдаг байх ёстой

Шинийг эхлүүлж байгаа хүнд, ялангуяа гарааны бизнес эрхлэгчдэд нүүр тулах бэрхшээл дуусахгүй их. Энэ болгонд шантарч, зорилго мохох нь бий. Удирдагч хүн байхын хамгийн сайхан, бас хамгийн хэцүү зүйл юу болохыг “Өгсөн зам”-ын 50 эрхэм нэрлэсэн байна. 

Монголын интернэтийн анхдагч “Датаком” компанийг үүсгэн байгуулсан Д.Энхбат захирал “Хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол хариуцлага. Зөвхөн хариуцлага бүрэн хүлээсэн хүнд л эрх чөлөө нь ирнэ. Тэгэхээр чи хүссэн замаараа явъя гэвэл өөрийн сонголт, үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ гэдгээ ухамсарлах явдал. Ялангуяа, хувийн бизнесээ эхэлж байгаа хүн миний амжилт, алдаа хэнээс ч биш, зөвхөн надаас хамаарна гэдгээ бүрэн ухамсарлаж чадсан цагт л өөрийн хүссэн замаараа явдаг” гэжээ. Бизнес нь эхлүүлсэн төсөл нь амжилтгүй боллоо гэхэд бусдыг буруутгах гэж шинэ мянганы захирлууд яарах, дарах учиргүйг Д.Энхбат эрхэм дээрх үгээрээ хэлжээ. 

Удирдагч хүн бусдыг захирдаг бус дагуулдаг байх ёстой. Энэ тухай дэлгэрүүлж унших бол “Өгсөх зам”-аас хараарай. Байгууллага, компани толгойлж, олон мянган хүний ажил, амьдралын баталгаа болж явна гэдэг хэр баргийн удирдагч хүний хийж дөнгөх ажил биш юм. Тэгвэл энэ бартаа саадтай, даваа нугачаатай замаар замнаж яваа эрхмүүд танд амьдралдаа сонсож байсан хамгийн чухал зөвлөмжөөсөө хуваалцана. Тэд төгс байсангүй, гэхдээ цаг тутам суралцаж, туршлага сууж, алдаж, оноод өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Бизнес нь хөл дээрээ боссон ч тэд өөрийгөө болон компани, байгууллагаа, ажилтнаа хөгжүүлэх аяллаас буцаагүй байна. Хүн алхам тутам суралцаж байх учиртайг “Өгсөх зам”-ынхан ярьсаар явна. 

Өөртөө оруулсан хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юу вэ гэсэн асуултад 50 эрхэм ямар хариулт өгсөн гэж бодож байна. Тэд ажлаас халах шийдвэрийг юун дээр үндэслэн гаргадаг вэ, өөрөөсөө ахмад настай хүнтэй өнөө 50 эрхэм маань ямар арга барилаар ажилладаг, удирдагч хүний хийх, анхаарах ёстой хамгийн чухал гурван ажил үүргийг юу гэж тодорхойлсныг “Өгсөх зам”-аас уншаарай. Тэнд их тодорхой байгаа. 

Хүн л юм чинь уурлана, инээнэ бас хааяа уйлна, баярлана. Гэхдээ УДИРДАГЧ хүн ажил дээрээ өөрийн сөрөг болон эерэг сэтгэл хөдлөлөө байнга ил гаргаж, доод ажилтныхаа доог тохуу болох уу, эсвэл мөс шиг хүйтэн байх уу. Яаж ажилтныхаа хувьд хамгийн сайн удирдагч нь болох вэ. 

Биднийг түүчээлж яваа 50 эрхэм сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж явдаг юм бол. "Өгсөх зам"-д энэ бүхнийг бичсэн байгаа. Сүүлийн үед Монголд хамгийн их яригдаж байгаа, хувь хүний хөгжилд бодит өөрчлөлт авчирдаг хүн бол ментор. Та ментортой юу. Тэднээс юуг суралцдаг вэ. Уншигч танд чиглүүлэгч, чамайг үргэлж дэмждэг, яг бодит байдлыг чинь шууд хэлж зөвлөөд, зам зааж өгдөг тийм хүн ингэхэд байна уу. Тэгвэл компани удирдаж, хүмүүс ахалж, байгууллагын уураг тархи нь болж яваа эрхмүүд дор бүрнээ л асууж зөвлөдөг менторуудтай. Зарим нь бусдад ментор нь болоод явж байна. 

Захирлуудын дунд байдаг нийтлэг зовлон бол өөрийнхөө зарчмуудыг ажилтнууддаа харуулж, ойлгуулах явдал. Үүнийгээ сайн хийж чадвал багийн уур амьсгал, бүтээмж сайжирч, итгэлцэл бэхжиж, тэр хэрээр үл ойлголцол, үл хүндэтгэлд цэг тавьж чадна гэсэн үг. Энэ талаар Монголын бизнесийн салбарт омог бардам яваа эрхмүүд юу гэж хариулсан, тэдний баг болж ажиллах хүнээ сонгохдоо анхаардаг гурван гол чухал зүйл юу болох, хүний нөөцийн бодлого нь ямар онцлогтой гээд гүнзгийрүүлж мэдэх зүйл их байна. Мөн өөрсдийнх нь удирдах албан тушаал хашсанаас хойш гаргаж байсан хамгийн мартагдашгүй алдаа нь юу байсныг тэд нуулгүй хэлжээ. Хувийн хэвшилд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөж, топ гэгдэх компани, групп залж яваа 50 эрхэм томоохон шийдвэр гаргах үедээ үнэхээр зөн совингоо дагадаг уу, эсвэл баримт мэдээлэлд тулгуурладаг уу. Эдгээр асуултын хариултыг “Өгсөх зам”-аас олж, өөрийгөө цэнэглээрэй. Эрсэн хариулт тань байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. 

 

Б.Мөнх-Эрдэнэ