Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутагт ШТС, газрын тосны бүтээгдэхүүний агуулахууд шаардлага хангаагүй зөрчил их илэрсэн"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

  • Агуулах - 97
  • Шатахуун түгээх станц 1,252
  • Шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц 10
  • Автомашин хийгээр цэнэглэх 78 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээ үзүүлж байна. 

Эдгээр байгууллага нь УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ч ямар нэгэн зөрчил дутагдал гарахад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох эрх Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт л байдаг аж.

Ялангуяа, орон нутаг, сумдын шатахуун түгээх станц, хадгалах агуулахад асуудал, зөрчил гарахад дээрх гурван байгууллагын байцаагч бүх сумдад байдаггүй нь мөн л бэрхшээл үүсгэдэг байна. Тиймээс энэ эрхийг АМГТГ-т олгох шаардлага үүсдэг талаар өнөөдөр болсон “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн орон нутагт байгаа шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахууд стандарт болон аюулгүй байдал хангахгүй, зөрчил ихтэй байдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс танилцуулсан бол Гааль, төмөр зам гэгчлэн төрийн байгууллагуудын уялдаагүйгээс шатахууны импорт удаашрах тохиолдол гарч байгаа талаар дурдсан.

МХЕГ-ын Эрчим хүч хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадоржийн илтгэснээр Адуунчулуун дахь шатахуун агуулах савнуудын дээр буулгах байгууламжийг зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, шатахуун агуулсан савнуудын дээгүүр машин нь явж, зогсоод шатахуунаа юүлдэг байна. Түүнчлэн юүлдэг хоолойг хугарсан гэрлийн шонгоор хийж, уг хоолойгоор шатахуунаа урсгах байдлаар хийдэг ажээ. Тос нэвчиж, урссан, хадгалалтын сав цүлхийсэн зэрэг зөрчил түгээмэл байсныг тэрбээр дурдсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас Дорнод аймагт үүсээд байсан нөхцөл байдлын талаар тодруулсан юм. 

-Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн шалтгаанаар Дорнод аймгийн ИТХ-аас “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос тээвэрлэх үйл ажиллагааг зогсоогоод байсан. Одоо хэвийн горимд орсон уу?

-”Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд, УУХҮЯ, АМГТГ хамтарсан уулзалт хийсэн. Уулзалтын хүрээнд хэлэлцээрийн асуудал шийдэгдсэн. Тус компани хөрөнгө оруулалтаа шийдээд 2019 онд тос тээвэрлэж буй 68 км авто замыг хатуу хучилттай болгож, зам арчлалтын ажлуудыг жил бүр сайжруулан, тухайн замаараа тээвэрлэлтээ явуулахаар хэлэлцээр хийгдсэн. Одоо экспорт хэвийн үргэлжилж байгаа. 

-Нийт хэчнээн хоног экспорт зогссон бэ. Энэ хугацаанд хэдий хэмжээний хохирол учраад байна вэ?

-Сар орчим хугацаанд экспорт тасалдсан. Өдөрт 2,500 орчим тонн тос эксортолдог. 2018 онд АМГТГ-ын зүгээс улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр суулгасан. Экспорт ийнхүү тасалдсан ч гадаад зах зээл дээр авто бензиний үнэ харьцангуй нэмэгдэж байгаа тул төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэж харж байна. 

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц ямар байгаа вэ?

-Боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 орчим хувьтай байна. Ирэх жил ашиглалтад орно. Энэ онд багтаагаад БНЭУ-ын компанитай нарийвчилсан ТЭЗҮ-ээ  батлаад ирэх жилийн III улирлаас барилгын ажил эхэлнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнгөрсөн хугацаанд гурван төрлийн судалгаа хийж, 1,534 цооног өрөмдсөний үр дүнд 332.6 сая газрын тосны нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөц тогтоон Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Олборлолтын хэмжээ 2016 онд 1.1 сая, 2017 онд 960 мянган тонн байсан бөгөөд цаашид энэ хэмжээнээс төдийлэн нэмэгдэхээргүй байна. Харин жилд 1.3 сая тонн шатахуун импортолж байгаа гэсэн АМГТГ-ын статистик байна.