Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Соён гэгээрлийн өдрүүдээр “Насанд хүрэх” сэдвийг онцолно

МОНСУДАР
2018 оны 11 сарын 12
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд “Насанд хүрэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүдээр хүн биологийн хувьд насанд хүрэхээс гадна оюун санааны хувьд насанд хүрэх нь яагаад чухал болохыг нийгмийн, уран зохиолын, эцэг эхчүүдийн талаас хөндөн, олон арга хэмжээ, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм. 

Тухайлбал: 11 дүгээр сарын 13-ны өдөр болох “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн нээлтээр хувь хүн насанд хүрэх, өөрийн гэсэн бодолтой байхаас эхлээд улс орон насанд хүрэх, өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх гэдэг нь юуг хэлэх вэ?, нийгэмд хамтран амьдрахын тулд биднээс юу шаарддаг вэ? гэх мэт асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болох бол тухайн өдрийн орой 18:00 цагаас Төлөвшлийн уран зохиолын тухай (Coming of age) лекц зохион байгуулагдана. Лекцээр гадаадын болон Монголын уран зохиолын жишээгээр насанд хүрэх гэдэг сэдвийг уран зохиолд хэрхэн авч үздэг болохыг задлан ярилцах юм.

Мөн эдгээр өдрүүдэд:

  • “Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд” хэлэлцүүлэг
  • “Манай бүдэрсэн баатар” кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг
  • “Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь” лекц, ярилцлага 
  • “Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ?” утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг
  • “Хөөрхөн зураг хөнөөлтэй” хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг
  • Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг
  • "Бүтээлч ном" сэдвээр FB LIVE
  • “Хүүхдийн номын тухай” ярилцлага, 
  • “Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу?” хэл шинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.

Эдгээр бүх арга хэмжээ тус бүрийн мэдээллийг Монсудар хэвлэлийн газар болон Интерном номын их дэлгүүрийн Facebook хуудсуудаас авах боломжтой.