Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Говийн таван гайхамшгийг жүжигчин Т.Бархүү, “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, зохиолч Г.Аюурзана нар хөтөлнө

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

“Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал” төсөл Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 гаруй дугаарыг тасралтгүй бэлтгэж хүргэсээр энэ жил тав дахь жилтэйгээ золгож байгаа билээ.

Энэхүү таван жилийн ойг угтан “Хүрээлэн” төсөл Энержи Ресурс компанитай хамтран Говь нутгийн байгаль, зэрлэг амьтдыг таниулах "Говийн таван гайхамшиг" телевизийн цуврал нэвтрүүлгийг эхлүүлэхээр болсон байна. Энэржи Ресурс компанийн хувьд ч мөн өмнийн Говьд үйл ажиллагаа явуулж буй 10 жилийн ой тохиож байгаа аж.

Эдгээр ойн жилийг тохиолдуулан “Говийн таван гайхамшиг” цувралыг хамтран бүтээж, үзэгч олонд тун удахгүй хүргэхээр болсон ба энэ удаа шинэ хөтлөгчид болон шинэ техник хэрэгсэлтэйгээр төслийг эхлүүлж буйгаараа онцлогтойг төслийнхөн тэмдэглэлээ.

Монголын Говь нутгийг үзэгч олон нийт, цаашлаад олон улсын анхааралд хүргэх зорилготой контентийг чанар, хийц, агуулгын өндөр түвшинд бүтээн таниулахаар гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслийг ийнхүү бүрэн шинэчилжээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

“Хүрээлэн” төслийн удирдагч У.Ганбаяр “Говийн таван гайхамшиг төслийн хүрээнд бид зөвхөн Говийн бүс нутагт амьдардаг хөхтөн амьтад, жигүүртэн шувууд болон түүхэн дурсгалт газар, нутгийн үзэсгэлэнт тогтоцуудын гол онцлогийг гаргаж ирэхийг зорин ажиллаж байна.

Бид таван жилийн хугацаанд маш их эрсдэлтэй аяллыг туулж өнгөрүүллээ. Аяллын явцад маш их бэрхшээл, гэмтэл бэртлүүд тохиолдож байсан. Таван жилийн хугацаанд бидний хэрэглэж байсан техник хэрэгсэл, зургийн аппаратууд ч мөн муудаж, гэмтжээ. Тийм ч учраас Энержи Ресурс ХХК бидэнд санал тавьж, техник хэрэгслийн шинэчлэлийг хийж өгч, хамтран ажиллах болсонд баяртай байна.

Мөн өмнөх ажлуудаас илүү хүртээмжтэй, онцлогтой болгохын тулд бид уран бүтээлч, олны танил болсон хүмүүсийг урьж, хөтлөгчөөр оролцуулж буйгаараа онцлог юм” гэлээ.

Тодруулбал, энэ удаагийн “Хүрээлэн” нэвтрүүлгийн тусгай цувралыг шог зураач, СГЗ С.Цогтбаяр, уулчин, МУГТ Б.Гангаамаа, зохиолч, яруу найрагч СГЗ Г.Аюурзана, жүжигчин, продюсер СТА Т.Бархүү, “Никитон” хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун нар хөтлөх болсон нь шинэлэг юм. Шинэ хөтлөгчид төслийн явцад тохилдох адал явдал, бэрхшээл, үзэсгэлэнт байгалийн тогтоцуудаар аялж, хамтран ажиллах болсондоо баяртай буйгаа хуваалцлаа.

Говийн бүс нутаг нь маш сонирхолтой, ховор амьтад болон байгалийн сайхан цогцолсон газар, тийм ч учраас багийнхан тус бүс нутгийг сонгон авчээ. Төслийг “Говийн таван гайхамшиг” хэмээх нэрлэх болсон нь тус бүс нутагт амьдардаг хөхтөн амьтад, жигүүртэн шувууд, өвс ургамал, түүх соёлын дурсгалт газар болон байгалийн үзэсгэлэнт тогтоц, бүрдлийн нэгдлийг үндэслэн ийнхүү нэрлэжээ.
 
Гэрэл зургийг: mpa.mn

“Энэржи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Говийн бус нутагт сүүлийн үед маш их бүтээн байгуулалт, олборлолтын ажил өрнөж байгаа ч нөгөө талаар тус нутаг нь байгалийн үзэсгэлэнт тогтоц, ховордсон ан амьтад, өвс ургамал зэрэг ихтэй маш онцлогтой тул мөнхөлж авч үлдэх нь зүйтэй юм. “Хүрээлэн” төслийн баг хамт олон болон салбар салбартаа үлгэр дуурайл болсон төлөөлөл, хөтлөгч нартай хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэлээ.

Нэвтрүүлгийн зураг авалт тун удахгүй эхлэхээр зэхэж байгаа аж. Шинэ хөтлөгчид, шинэ техник хэрэгсэлтэй, илүү сонирхолтой “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлэг ирэх оны хавар, зунаас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.