Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Рэппер Мак Миллер мансууруулах бодис их тунгаар хольж хэрэглэснээс амиа алдсан болохыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Лос Анжелес хотын эрүүл мэндийн мэргэжилтнүүд рэппер Мак Миллерийн үхлийн шалтгааныг фентанил, кокайн, архи хольж хэрэглэснээс болсон гэх дүгнэлтийг танилцуулжээ.

26 настай Миллер өнгөрсөн есдүгээр сард гэртээ амиа алдсан байсныг олсон юм. Тухайн үед задлан шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй бөгөөд үргэлжлүүлэн судлах хэрэгтэй болсныг мэдэгдэж байв.

Улмаар хоёр сар орчим хугацаанд хордлогын шинжилгээ хийсний үр дүнд  Миллерийг хүчтэй мансууруулах бодисуудыг хольж хэрэглэснээс амиа алдсан гэж тогтоожээ.

Дуучны биенээс илэрсэн фентанил нь синтетик төрлийн опиоид бөгөөд энгийн морфиноос 50-100 дахин хүчтэй үйлчилгээтэй.

Хорт хавдрын хүчтэй өвдөлтийг дарах зориулалттай уг бодисыг хууль бусаар үйлдвэрлэхдээ геройн эсвэл кокайн хольдог байна. Уг бодисны хордлогоор сүүлийн үед хэд хэдэн алдартан амиа алдаад байгаа.

Тухайлбал 2016 оны дөрөвдүгээр сард Prince 57 насандаа ийм шалтгаанаар нас барсан. Бас 2017 оны аравдугаар сард Том Пэтти 66 насандаа фентанил мансууруулах бодисын тунг хэтрүүлж өөд болсон юм.

Мак Миллер нь поп од Ариана Грандегийн найз залуу байсан гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр 2011 онд “Blue Slide Park” цомгоороо анх дуулиан тарьж, амжилтанд хүрсэн. Гэхдээ стресс, сэтгэлийн дарамт, хар тамхины асуудал түүнээс салаагүй юм.

Эх сурвалж: The Washington Post