Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Карл Марксын гарын үсэгтэй “Das Kapital” дэлхийд 15 үлдсэний 4 нь Японд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы нэрт философич Карл Марксын “Das Kapital” ном анх 1867 онд хэвлэгдэж байжээ.

Маркс бүтээлийнхээ хоосон хуудсанд дээр гарын үсэг, талархал бичиж, өөрийн найз, судлаачдад бэлэглэсэн цөөн хувь байдаг. Ийм гарын үсэгтэй ховор хувь өнөөдөр дэлхий даяар нийт 15 ширхэг үлдсэн байдаг гэнэ.

Тэгвэл эдгээрээс дөрөв нь буюу хамгийн олон хувь Японы их сургуулиудад хадгалагдаж байгааг Тохоку их сургуулийн Марксист эдийн засаг судлаач Изуми Омура мэдэгджээ.

Эдгээр нь Тохоку, Хосэй, Кансай их сургуулиуд болон Отару худалдааны их сургуульд байгаа гэнэ.

Омурагийн мэдээлснээр “Das Kapital” номын герман хэл дээрх анхны хувилбар 1,000 хувь хэвлэгдэж байжээ. Японд анхны хэвлэлтээс 50 ширхэг хадгалагдаж байгаагийн 4 нь Карл Марксын гарын үсэгтэй хувь юм байна.

“Хадгалагдаж буй анхны хувилбарын тоо Герман, Оросынхоос олон байна. Энэ нь дайнаас өмнө Японд Марксизм хүчтэй анхаарал татаж байсны илрэл юм” гэж Омура ярьжээ.

Хамгийн анхны хувийг Хосэй их сургуулийнхан 1921 онд худалдаж авч байсан гэнэ. Дараа нь Отару их сургуулийн захирал 1930 онд Берлиний хуучин номын дэлгүүрээс худалдаж авснаа сүүлд сургуульдаа хандивлажээ.

Кансай их сургууль 1984 онд Марузен номын дэлгүүрээс 5.2 сая иенээр худалдан авсан бол Тохоку их сургууль 1989 онд мөн Марузенээс 4.9 сая иенээр авч байжээ.

Одоо эдгээр ховор номнуудыг сургуулиуд нийтэд үзүүлэлгүй нандигнан хадгалдаг байна. Ганцхан Отару их сургуулийн номын санд урьдчилан хүсэлт явуулж байж Марксын гарын үсэгтэй номыг үзэх боломжтой гэнэ.

“Das Kapital” номын зохиогчийн гар тэмдэглэлтэй хувийг 2013 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэж авсны дараа үнэ нь огцом нэмэгдсэн байна.

Тухайлбал Австрийн хуучин номын дилер Марксын гарын үсэгтэй хувийг 1.5 сая еврогоор зарах зар тараагаад байгаа юм.

Энэ онд Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Тэрээр 1883 онд нас барсан ба шарилыг нь Лондон хотод оршуулсан юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun