Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Moнголчууд 3,000 гаруй жилийн өмнөөс мал маллаж, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж эхэлснийг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын эрдэмтдийн баг мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүн Монголын газар шороонд нийтийн тооллын өмнөх 1,300 орчим оны үед бий болсныг тогтоожээ.

Ингэхдээ мал аж ахуй эрхэлдэг хүмүүс өөр газар орноос энд нүүж ирээгүй, харин нутгийн хүмүүс соёлын солилцоогоор мал аж ахуй эрхлэх аргыг бусдаас эзэмшсэн гэж дүгнэсэн байна.

Макс Планкийн Хүрээлэнгийн судлаачдын тэргүүлсэн баг энэхүү дүгнэлтийг хийж, судалгааны тайлан нь Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

Эрдэмтдийн олж тогтоосноор тухайн үед хариулж байсан үхэр, хонь, ямаанаас бүрдэх мал сүрэг нь Монголын уугуул амьтад биш, харин Евразийн баруун хэсгээс гаралтай гэнэ. Харин хүрлийн үеийн Монголчууд нь баруун зүгийн хүмүүсээс генийн хувьд маш бага хамааралтай байжээ.

Нэг үгээр хэлбэл мал аж ахуй эрхлэх, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи нь хүмүүсийн нүүдэлтэй хамт Монголын газар шороонд ирээгүй, харин соёлын солилцооны хүрээнд уугуул хүн амын үндсэн аж ахуй болсон байна.

Судлаачид уг дүгнэлтийг гаргахдаа Монгол орны хойд бүсийн зургаан газрын булш, хиргисүүрээс олдсон хүний цогцосны үлдэгдэлд генетикийн шинжилгээ хийжээ.

Судалгаанд хамрагдсан нийт 22 хүний амьдарч байсан цаг үе нь нийтийн тооллын өмнөх 1,300-900 он байсан бөгөөд тэд генетикийн хувьд ижил цаг үед амьдарч байсан Евразийн баруун хэсгийн нүүдэлчдээс эрс ялгаатай байсан гэнэ.

Мөн тэдний есийнх нь шүдний чулууг шинжлэхэд сүүний уураг илэрсэн байна. Тодруулбал үхэр, хонь, ямааны гаралтай шар ус болон ааруулны уураг илэрсэн гэнэ.

Сонирхолтой нь судлагдсан бүх хүмүүс нь генетикийн хувьд сүүний чихэр (lactose) шингээх чадваргүй байжээ. Өнөөдрийн Монголчуудын хувьд ихэнх нь бас ийм чадваргүй байдаг гэнэ. Монголчуудын энэ түүх дэлхийн бусад үндэстэн угсаатнуудын хүнсэнд сүү хэрхэн нэвтэрснийг ойлгоход тус болно гэж үзэж байгаагаа Макс Планкийн хүрээлэнгийн Хүн төрөлхтний Түүхийн шинжлэх ухааны салбарын судлаач Кристина Вариннер ярьжээ.

 

Эх сурвалж: Xinhua