Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн алдарт “хүн авлагч” барыг буудан устгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд олон хүнийг барьж идсэн барыг агнаж чадсанаа Энэтхэгийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

10 сартай хоёр бамбарын эх, анчдын хувьд T1, амьтан хамгаалагчдын хувьд Авни хэмээн нэрлэгдсэн эмэгчин барыг Баасан гарагийн шөнө Махараштра мужийн ширэнгэн ойд буудан хөнөөсөн байна.

Сүүлийн олон арван жилд Энэтхэгт болоогүй том ангийн ажиллагаанд заан хөлөглөж, өвч зэвсэглэсэн 150 гаруй хүн оролцсон гэнэ. 2016 оны зургаадугаар сараас хойш T1 бар нь нийт 13 хүнийг барьж зоогоо болгосон юм.

Энэтхэгийн дээд шүүхээс түүнийг агнах захирамж гаргаж, амьтан хамгаалагчид хэд хэдэн удаа шийдвэрийг цуцлуулахаар давж заалдаж байв. Барын цогцсыг Нагпур дахь амьтны хүрээлэнд хүргэж, задлан шинжилгээ хийхээр болжээ.

2016 оны зургаадугаар сард T1 хөвөнгийн талбайд ажиллаж байсан эмэгтэйг анх барьсан юм. Дараа нь голдуу эрэгтэй малчдыг барьж байжээ.

Анчид түүнийг авлахын тулд янз бүрийн арга хэрэглээд амжилт олоогүй тул Кэлвин Клайны Obsession үнэртэй усыг ашиглан урхидах аргыг хүртэл судалж байв.

Уг үнэртэн нь бар зэрэг муурын овгийн араатнуудын сонирхлыг татдаг болохыг өмнө нь амьтан судлаачид туршилтаар тогтоож байжээ.

 

Эх сурвалж: AFP