Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Обамагийн үед цуцлагдсан Ираны бүх хоригийг Трамп буцаан сэргээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Дональд Трампын засаг захиргаа 2015 оны цөмийн гэрээний үр дүнд цуцлагдаад байсан Ираны эсрэг АНУ-ын бүх хоригийг буцаан сэргээж байгааг зарлалаа.

Ингэснээр Трамп өмнөх ерөнхийлөгчийн засаг захиргааны гадаад бодлогын нэг гол ололт амжилтыг үгүй хийж байна. Даваа гарагаас эхлэн хэрэгжих хоригт Ираны тээвэр, санхүү, эрчим хүчний салбарууд хамрагдаж байгаа юм.

Эхний ээлжийн хоригийг өнгөрсөн тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн бол одоо үлдсэн бүх хоригийг гүйцээн хэрэгжүүлж байна. Вашингтоны мэдэгдлийн дараа Трамп “Game of Thrones” алдарт цувралаас сэдэвлэсэн зурагт хуудсыг твиттер хуудсандаа нийтэлсэн нь “Хоригууд айсуй, арваннэгдүгээр сарын 5” гэсэн гарчигтай байв.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хориг арга хэмжээг “Исламын Бүгд Найрамдах Иран улсын ааш авирыг үндсээр нь өөрчлөх зорилготой” хэмээн тодорхойлжээ.

Хэрвээ Иран улс энэхүү хоригоос чөлөөлөгдөхийг хүсвэл Вашингтоноос гаргасан 12 шаардлагыг биелүүлэх ёстой гэнэ. Үүнд терроризмийг дэмжихээ зогсоох, Сирид байлдааны ажиллагаа явуулахаа болих, цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлтээ зогсоох зэрэг шаардлагууд багтжээ.

Ираны цөмийн хэлэлцээрийг 2015 онд Обамагийн засаг захиргаа Британи, Хятад, Франц, Герман, Орос улсуудтай хамтран байгуулсан нь түүний гадаад бодлогын нэг томоохон амжилтад тооцогдож байсан юм.

Цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлаа аажмаар бууруулж, оронд нь эдийн засгийн хоригоос чөлөөлөгдөх агуулгатай уг гэрээг Трамп хэт их зүйл өгөөд хэт бага зүйл авах тохиролцоо хэмээн шүүмжилдэг.

Харин гэрээнд оролцогч бусад улс орнууд Трампын алхмыг шүүмжилж байгаа юм.

Помпеогийн хэлснээр ирэх Даваа гарагт хоригийг хэрэгжүүлж амжихгүй болсон найман холбоотон орныг богино хугацаанд Ирантай газрын тосны наймаагаа үргэлжлүүлэхийг нь зөвшөөрсөн байна.

Үүнд Турк, Итали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд багтжээ. Гэвч тэд зургаан сарын дотор наймаагаа дуусгаад хоригт нэгдэх юм.

Мөн АНУ-ын сангийн яам Ираны 700 компани, хувь хүнийг хар жагсаалтад оруулж байгааг зарлажээ. Энэ нь Обамагийн үеийн жагсаалтаас 300 гаруйгаар нэмэгдсэн тоо юм.

Шинэ хоригийг нэвтрүүлж эхэлснээр Ираны эдийн засаг гүн хямралд унах нь тодорхой болж байна. Тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн эхний ээлжийн хоригийн дараа Ираны үндэсний валютын үнэ ханш тал хувиар унаж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press