Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьсны дараа зах зээлд эерэг уур амьсгал үүслээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар утсаар ярьсныг хоёр талын албаныхан мэдээлжээ.

Тэд энэ оны долдугаар сараас АНУ-Хятадын хооронд эхэлсэн худалдааны дайныг зогсоох гарц хайхаар тохиролцсон байна. Тодруулбал энэ сарын сүүлээр Аргентины нийслэл Буэнос Айрест болох Их 20-ын уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, уг асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Дональд Трамп твиттер хуудсандаа “Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй удаан бөгөөд сайхан яриа өрнүүллээ. Олон асуудлыг хөндсөний дотор худалдааны асуудалд төвлөрч ярилцлаа. Уг яриа Аргентинд болох Их 20-ын уулзалтын үеэр үргэлжилнэ. Бас Хойд Солонгосын асуудлаар сайхан ярилцлаа!” гэж бичсэн байна.

Харин Ши Жиньпин Хятадын төрийн хэвлэлд ярихдаа үүсээд байгаа худалдааны маргааныг шийдэх санал дээр хоёр улс хамтран ажиллах хэрэгтэй байгааг хэлжээ.

Дөнгөж саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятад улсыг “улс шиг улс байх”-ыг хатуу сануулж байв. Тэрээр өнгөрсөн оны хоёр орны худалдаа Америкийн талд $375 тэрбумын алдагдалтай гарсныг дурдаж, Хятадын тагнуулууд Америкийн нисэхийн технологийг хулгайлахыг завдсан саяхны хэргийн талаар ярьсан юм.

Мөн хэд хоногийн өмнө дэд ерөнхийлөгч Майк Пэнс АНУ-ын сонгуульд Хятадын засгийн газар нөлөөлөх ажиллагаа явуулж байгааг шүүмжилж, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Кристофер Врэй Хятадыг Оросоос илүү Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг анхааруулсан.

Энэ бүх таагүй мэдээллүүд нь хоёр орны төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд сөргөөр нөлөөлж байв. Тэгвэл Трамп, Ши нар утсаар ярьсан тухай мэдээ тарсны дараа Сөүлээс эхлээд Веллингтон хүртэл Ази, Номхон Далайн бүсийн хөрөнгийн зах зээлүүдэд эерэг уур амьсгал авч ирлээ.

Хонг Конгийн Хан Сен индексийн арилжаа үд дунд 2.4 хувийн өсөлттэй завсарласан бол Шанхайн Композит индекс 1.2 хувь, Шенжэний Композит индекс 2.1 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post