Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим орчинд баримт, нотолгоогүй мэдээллийг бусдад түгээх нь ямар үр дагавартай вэ?

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цахим орчинд бусдад түгээсэн баримт, нотолгоогүй буюу сураг төдий мэдээлэл нэг өдөрт хоёр хүнд, түүний маргааш ахиад хоёр шинэ хүнд хүрэх байдлаар 14 хоногт найман мянгаас багагүй тооны хүнд хүрэх магадлалтай гэж үздэг. Зарим судлаачийн тооцоолсноор хэдэн өдөр, хэр олон хүнд нэг зэрэг хүргэснээс хамааран баримт, нотолгоогүй мэдээлэл тэр хэмжээгээр хүмүүсийн анхааралд ордог байна. Энэ нь таны нягталж шалгаагүй, худал мэдээлэл буюу энгийн ярианд “хов жив”, “цуу яриа” гэдэг мэдээллийг бусдад түгээснээр тийнхүү буруу мэдээллийг олон хүмүүст хүргэж болохыг харуулж байна.

Тодорхой тохиолдол авч үзье. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хувийн фэйсбүүкийн хуудсаар дамжуулан хүмүүс иргэн Г.А нь хүний амь нас хөнөөсөн гэж байсан бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг алуурчин гэж жигшин зэвүүцэж байсан юм. Харин шүүхээс Г.А-г хүний амь нас хөнөөгөөгүй, хохирогчийн бие махбодод гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг зөрчиж байгаа юм.

Үүнээс гадна Иргэний хуулийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ нь бусад хүний дүрсийг олон нийтэд тараах эрхтэй гэж бодсон буюу тийм эрхтэй гэж итгэсэн хүмүүсийн үйлдэлд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа юм.

Нөгөө талаар өөрөө баримт, нотолгоогүй, сураг төдий мэдээллийг бэлтгэж, түгээгээгүй ч тийм мэдээллийг дэмжиж цааш түгээх нь хууль зүйн хариуцлага хамтран хүлээх үндэслэл болдог. Мөн хэр олон хүнд хүргэснээс хамааран хариуцах гэм хорын хэмжээг тодорхойлохоор хуульд заасан байдаг.

Мэдээлэлд дурдагдсан хувь хүн, этгээд тодорхой хэмжээгээр буруутай буюу тийнхүү баримт, нотолгоогүй мэдээллийг бусдад түгээх гол хүчин зүйл болдог хэдий ч энэ нь тэгж мэдээлэл цацахыг зөвтгөхгүй. Харин хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл тийнхүү худал мэдээллийг бусдад түгээхэд нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан мэдээлэл түгээсэн этгээдийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

Иймд ямар мэдээлэлд итгэх вэ? буюу мэдээлэл хайх, ашиглах, нэгтгэн дүгнэх, үнэлэх, бүтээх, харилцах чадвараа хөгжүүлэх нь зүйтэй байна. Энэ чадварыг бий болгох, хөгжүүлэх олон арга зам бий.

 

Эх сурвалж: ХХЗХ