Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний шинэ дүрэм зөрчсөн жолооч нарыг эхний өдрүүдэд торгохгүй, сануулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.

ТЦА-ныхан иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг торгохоо урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна. 

Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм. 

Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг тус албанаас анхааруулж байна. 

Шинэ дүрэмд орсон өөрчлөлтүүдээс

Явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа:

  • Утсаар ярих,
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх,
  • Ном, сонин гэх мэт зүйл унших”,
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.
  • Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглолоо.
  • Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
  • Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  • 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
  • Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  • Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй..
  • Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.
  • Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
  • Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  • Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  • Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.
  • Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРЭМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

 

Мөн legalinfo.mn сайтаас татаж авах боломжтой.

Замын хөдөлгөөний дүрэм гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнийг аюулгүй, ойлгомжтой зохицуулахад чиглэгдсэн олон жилийн хуримтлуулсан туршлага, мөн онол практикийн асуудлыг өөртөө агуулсан замын хөдөлгөөнийг зохицуулах гол акт бөгөөд хүн бүр дагаж мөрдөх ёстой, ингэснээрээ өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, аюулгүй байх амьдралын дүрэм юм.