Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн Ангарагт газардахдаа ашиглах шүхэр дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

NASA агентлаг 2020 онд Ангараг гарагт шинэ судалгааны станц буулгахаар бэлдэж байгаа. Уг станцыг бүрэн бүтэн газардуулахад найдвартай шүхэр хэрэгтэй юм.

Тэгвэл тус агентлаг энэ зорилгод ашиглах шүхрийг есдүгээр сард амжилттай туршсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Мөн уг шүхэр нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

NASA-гийн мэдэгдэлд “30,000 гаруй килограм даацтай энэ шүхэр хамгийн богино хугацаанд задрах үзүүлэлтээр түүхэн дээд амжилтыг тогтоолоо” гэжээ.

Шүхрийг Ангарагийн агаар мандалтай ижил орчин нөхцөл үүсгэх зориулалттай пуужинд тээвэрлэж туршсан байна. Ингэхэд 80 кг жинтэй шүхэр цилиндр хэлбэртэй эвхмэл байдлаас секундыг арав хуваасны дөрөвтэй тэнцэх хугацаанд бүрэн задарсан гэжээ.

Шүхрийг бүтээх зорилготой ASPIRE (Advanced Supersonic Parachute Inflation Research Experiment) төслийн хүрээнд нийт гурван цуврал туршилт хийсний сүүлийнх нь энэ юм.

NASA-гийн Mars 2020 шинэ станц нь өмнөх Curiosity станцтай ижил дизайнтай боловч 1,050 кг буюу хамгийн хүнд жинтэй гэнэ. Шинэ станц Ангараг дээр микробын амьдралын ул мөрийг хайж, хөрс чулуулгын дээжийг эх дэлхий рүүгээ тээвэрлэхэд бэлдэж, цуглуулах юм.

NASA-гийн өмнө нь Ангарагт илгээсэн Opportunity станц саяхан болсон шороон шуурганд булагдаж, долдугаар сараас хойш ажиллагаагүй болоод байна. Curiosity станц нь дэлхийтэй холбоо барьж чадахгүй хэсэг саатсаны эцэст саяхан ажилд ороод байгаа. Тиймээс шинэ станцын хэрэгцээ өндөр байгаа юм. Mars 2020 станц 2020 оны дундуур Ангарагийг зорино.

Шинэ шүхэрний туршилтыг харуулсан видео дүрс:

 

Эх сурвалж: CNET