Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол “Монгол Улсын 2019 оны санхүү, эдийн засгийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс - 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) энэ оны сүүлийн бизнес уулзалтдаа хувийн хэвшил, олон улсын байгууллага, бие даасан судлаачдын төлөөллийг урин оролцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Шангри Ла зочид буудалд болсон тус уулзалтын панел хэлэлцүүлэгт Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч, ахлах эдийн засагч Жийн- Паскаль Нгану нар уригдан оролцож, “2019 оны Монгол Улсын санхүү, эдийн засгийн төлөв” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцлаа. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж сонирхсон асуултдаа хариулт авлаа. Панел хэлэлцүүлгийг АмЧамын Санхүүгийн салбарын хорооны дарга, ING банкны Монгол дахь суурин төлөөлөгч Эрик Версавел чиглүүлэн явууллаа.

Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэлцүүлгийн сэдвийн талаар санал бодлоо хуваалцахдаа төр, хувийн хэвшил хамтран ажиллах чухал ач холбогдолтойг онцлоод,

Орон нутгийн удирдлага болон засгийн газрын зүгээс судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөлтэй чөлөөтэй харилцах сувгийг бий болгох шаардлагатай байна. Нөгөөтээгүүр хувийн хэвшил нь өөрөө илүү идэвх санаачлагатай байж өөрсдийн санал бодлыг цаг тутамд илэрхийлэн шийдвэр гаргагчдад хүргэх ёстой” гэв.

 

Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан Монгол улсын 2019 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын тухай өөрийн байр суурийг илэрхийлэхдээ

“2019 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулбал төсвийн алдагдлын хэмжээ буурсан дүнтэй байгаа нь сайн хэрэг боловч бидний зүгээс Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй. Ялангуяа тус хөтөлбөрийн засаглалын чадамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг нягт мөрдөж, ирээдүйд төсвийн бодлогын алдаатай, өрийн удирдлагын төвшин хангалтгүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн дүгнэн хэлэв.

 

Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлах эдийн засагч Жийн- Паскаль Нгану олон улсын байгууллагын төлөөллийн хувьд,

 

“2019 оны төлөв ерөнхийдөө эерэг байгаа ч анхаарах ёстой хоёр төрлийн эрсдэл байгаа: нэгт, улс төрөөс ихээхэн шалтгаалсан дотоодод үүссэн ойлгомжгүй байдал, хоёрт, гадаад эрэлтээс үүдэлтэй дарамт буюу дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэл юм. Эдгээр эрсдэлийг шийдвэрлэхийн тулд шинэчлэлийн хөтөлбөрүүдийг бүрэн, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.