Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналд гишүүд ямар байр суурьтай байна вэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулсан билээ.

Уг албан бичигт 2019 оны төсөвт УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт тус бүрт таван тэрбум төгрөгийн төсөв суулгуулсан, нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь ил болсон төдийгүй нийт гишүүдийн 50 орчим нь энэ төрлийн зээлээс авсан талаар дурджээ. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. 

Харин Ерөнхийлөгчийн энэхүү саналын талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ерөнхийлөгч УИХ-ыг санаачилгаараа тарах асуудлыг хэлэлцүүлэх бичиг ирүүлсэн байсан. Бид дөнгөж танилцсан. 
Тэнд хоёр үндэслэл байсан.

Нэгдүгээрт, 2019 оны улсын төсөвтэй холбоотой. Улсын төсөв хэлэлцэж байхад гишүүд хэтэрхий их тойргийн асуудал тусгасан байна гэсэн агуулга байна гэж ойлгосон. УИХ-ын нэг онцгой бүрэн эрх бол Улсын төсвийн тухай хууль батлах явдал. Энэ агуулгаараа УИХ, УИХ-ын гишүүд ажлаа хийж байгаа юм. Аль ч хуулийг батлахад бүх талаас нь ярьдаг. Байр сууриа илэрхийлдэг. Тэр асуудал дээр УИХ, УИХ-ын гишүүдийн зүгээс хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлаар Их хурлын даргатай зөвшилцөх нь хуулиар олгосон бүрэн эрх нь. АН-ын тухайд мэдээлэл аваагүй байна. Мэдээж үүнийг судлах шаардлага үүсэх байх. Гэхдээ үүнийг шууд Их хуралд орж ирж байгаа асуудал гэж ойлгохгүй байна. Эхлээд УИХ-ын даргатай зөвшилцөх байх. Түүний дараа энэ асуудал УИХ руу орох уу үгүй юу гэдэг дээр АН ярилцаж шийдвэрээ гаргана

Өнөөдөр хувь улс төрчийн байр суурийг илэрхийлэх боломжгүй байна. Яагаад гэвэл төрийн эрх барих барих дээд байгууллага Их хурлын асуудал яригдаж байгаа учраас намын шийдвэрээр энэ асуудал шийдэгдэнэ байх гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлтээ байнга хэлдэг"   

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Одоогийн УИХ маш хүнд байдалтай байсан улс орны эдийн засгийг өөд нь татаад явж байна. Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналыг энэ Их Хурал аль болох дэмжиж байгаа. Юм болгоныг нь унагаад байгаа асуудал байхгүй.  

Монгол Улсад замбараагүй байдал, төрийн үймээн гарах ёсгүй. Хууль бусаар Засгийн эрх авах явдал огт байж болохгүй. Цаана нь Монголын ард түмний амьдрал бий. Тийм учраас би Ерөнхийлөгчийн хуулийн төслийн асуудалтай санал нийлэхгүй байна” гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Их хурлын асуудлаар Ерөнхийлөгч санал гаргах хуулийн эрх нь бий. Шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа. Энэ асуудлыг УИХ-ын удирдлагуудаас л асуу даа” гэв. 

УИХ-ын гишүүн Ц.ДаваасүрэнУИХ тарах шаардлага үүссэн гэж үзэхгүй байна. Энэ чинь ард түмний сонголт. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал УИХ-ыг тарах хэмжээнд хүрсэн асуудал биш гэж үзэж байна.

Өмнөх Их Хурлуудтай харьцуулахад дээрдэж, дордсон зүйл байхгүй. Энэ чинь төр шүү дээ. Хэн нэг нь гарч ирээд төрөө тараана, шинээр эмхлэн байгуулна гээд байх юм. Өвлийн улирал хаяанд ирчихсэн байна. Зуд турхан, өвөлжилтийн асуудал тулчихсан үед ийм зүйл болохгүй байх” гэсэн хариулт өглөө.