Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг чиглэсэн дүрвэгчдийн шинэ нүүдэл Сальвадор улсаас хөдөлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Төв Америкийн орнуудын иргэд АНУ-ыг чиглэн явганаар нүүдэллэх болоод удаж байгаа. Энэ сарын дундуур Гондурасаас 3,500 гаруй иргэн Гватемалыг нэвт дайрч, одоо Мексикийн өмнөд хэсэгт аялж яваа.

Тэдний эцсийн зогсоол нь АНУ юм.

Ирэх сарын 6-нд болох конгрессын завсрын сонгуулийн нэг гол сэдэв нь эдгээр дүрвэгчдийн асуудал болоод байна. Тэгвэл Төв Америкийн бас нэг ядуу улс болох Сальвадороос 300 гаруй хүн өчигдөр буюу Ням гарагт АНУ-ыг зорин хөдөлжээ.

Нийслэл Сан Сальвадороос тэд явган аялж, Мексикийн хилээр нэвтрээд Нэгдсэн Улсын өмнөд хилд хүрэх юм.

Гурав дахь бүлэг болох Гватемалын 1,000 гаруй цагаач мөн өчигдөр эх орноосоо хөдөлжээ. Төв Америкийн орнуудын эдгээр дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхын тулд Трампын засаг захиргаа боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг АНУ-ын дотоод хэргийн сайд Кристен Нилсен өчигдөр “Fox News Sunday” хөтөлбөрт орохдоо ярьсан байна.

“Манай өмнөд хил гүн хямралын байдалтай байна. Үнэндээ бид ийм хэмжээний дүрвэгчдийн нүүдэлтэй өдөр бүр тулгарч байгаа. Бид тэдгээрийг хилээр нэвтрүүлэхгүйн тулд боломжит бүх арга хэмжээг авч байна” хэмээн тэр ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилээ хаана хэмээн сүрдүүлсэн бол дараа нь хил рүү цэрэг нэмж илгээхээ мэдэгдсэн юм.

Баасан гарагт Пентагоны тэргүүн Жим Мэттис АНУ-Мексикийн хилд цэргийн болон бусад нэмэлт хүчийг төвлөрүүлэхийг зөвшөөрсөн байна.

Одоогоор Гондурасын олон мянган дүрвэгч өдөрт дунджаар 48 км зам туулан явган алхаж, АНУ-ын хил рүү дөхсөөр байна.

Тэдний дунд 2,300 орчим хүүхэд яваа тул тэдний аюулгүй байдал, эрүүл мэндэд санаа зовж байгаагаа НҮБ-ын хүүхдийн байгууллага саяхан мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters