Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баттулга: Таргалалтай хүмүүст дурангаар тураах ажилбар хийх нь түгээмэл болсон

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

"Монголын уян дурангийн анхдугаар конгресс" энэ сарын 27, 28-нд амжилттай зохион байгуулагдлаа.

"Монголын интервеншналь эндоскопын нийгэмлэг" буюу дурангийн оношилгоо, эмчилгээний эмч нарын анхны байгууллагаас зохион байгуулсан уг хурлын үеэр тус нийгэмлэгийн тэргүүн, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулгатай ярилцсан юм.

-Монголд анх удаа зохион байгуулагдаж буй дурангийн эмч нарын хурлын зорилго юунд чиглэж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?

- Монголд дурангаар эмчилгээ хийдэг, мэргэшсэн эмч нар нэгдэж нийгэмлэг байгуулаад анх удаа цуглан хуралдаа. Зөвхөн хуралдаад зогсохгүй "Хоол боловсруулах замын дурангийн гардан сургалт-2018"-ыг амжилттай зохион байгууллаа.

Хурлын тусгайлан бэлдсэн загвар дээр хэрхэн хагалгаа хийх талаар гардан сургалтыг зохион байгуулсан нь онцлог боллоо. Дурангийн эмчилгээний аргууд нэвтрээд явж байгаа өнөөгийн нөхцөлд эмчээ, сувилагчаа сургана гэдэг нэн тэргүүнд тавигдах чухал асуудал. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ удаагийн хурал, сургалтад зөвхөн Улаанбаатарын эмч нар биш хөдөө орон нутгийн эмч нар ч хамрагдсан. Нийгэмлэгийн зүгээс 21 аймаг, есөн дүүргээсээ төлөөлөл урьсан. Эмч нар маань ч их идэвхтэй ирж оролцлоо.

Мөн БНСУ-ын дурангийн эмч нарын холбоо тэргүүнтэй 20-иод хүн ирж бас оролцсон. Нийтдээ 230 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон.

Хурал маань цаашид ч уламжлал болгон зохион байгуулагдана.

-Манайхан дуран гэхээр оношилгооны багаж гэж ойлгох нь түгээмэл байдаг. Харин сүүлийн үед дурангийн хагалгаа эрчимтэй хөгжиж байна. Дурангийн эмчилгээ өнөөдөр манай улсад ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Дуран гэхээр иргэдийн төсөөлөлд шууд ходоодны эсвэл бүдүүн гэдэсний оношилгооны дуран харагддаг. Гэтэл дэлхий нийт, Монголд ч гэсэн дурангаар эмчилгээ хийх чиглэл хэдийн нэвтэрсэн. Дэлхий нийтэд дурангийн эмчилгээ хийгдэж эхэлснээс хойш 50 гаруй жил болж, хөгжлийн дээд шат руугаа явж байна.

Жишээлбэл, дурангаар хавдрын хагалгаа хийх, хоол боловсруулах замын цус алдалтыг зогсоох, элэг цөс нойр булчирхайн замд хавдар үүссэнээс шалтгаалсан шүүрэл, саатлыг арилгах, цөсний чулуу авах тэр битгий хэл олон төрлийн арга хэрэглэсэн ч турж чадахгүй байгаа таргалалттай хүмүүст дурангаар тураах ажилбар хийж байна. Дурангаар хийгдэж буй оношилгоо, эмчилгээний төрөл тоочихын аргагүй олон болсон.

Дурангаар хийгдэж буй оношилгоо, эмчилгээний төрөл тоочихын аргагүй олон болсон.

Дурангийн эмчилгээ ерөнхийдөө хэвлийн хөндий нээж мэс засал хийх тохиолдлыг багасгахад чиглэж байна.

Жишээ авч тайлбарлавал, цөсний сувгийн чулууг авах хагалгааг хэвлийн хөндий нээж хийхэд маш түвэгтэй байдаг бол дурангаар 90 хувийн магадлалтай чулууг бүрэн авах боломжтой. Гэтэл эсрэгээрээ дурангийн хийж чадахгүй юмыг мэс заслаар хийх боломж бас бий. Тэгэхээр тухайн өвчлөлөөсөө шалтгаалаад мэс засал, эсвэл дурангийн эмчилгээг сонгоно гэсэн үг.

-Манай улсад эрчимтэй хөгжиж, түгээмэл хийгдэж буй дурангийн хагалгаануудаас танилцуулбал?

-Манай улсад сүүлийн үед дээр дурдсан чиглэлүүдээр дурангийн оношилгоо, эмчилгээ түгээмэл хийгдэж байна. Бидний зүгээс эрчимтэй хөгжиж байгаа ч дэлхийтэй эн зэрэгцэж хөгжихийг эрмэлзэж байгаа учраас "Монголын интервеншналь эндоскопын нийгэмлэг"-ийг байгуулсан.

Энэ төрлийн эмчилгээнд түүчээлж буй Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хамт олон өнгөрсөн 10 гаруй  жилийн хугацаанд дурангаар хийх боломжтой маш олон төрлийн хагалгааг нэвтрүүлээд байна.

Сүүлийн жилүүдийн дунджаас харахад жилд зөвхөн дурангаар 400 орчим хагалгаа хийж байгаа.

Жишээлбэл, элэг, цөс, нойр булчирхайг сэтгүүрдэж чулуу авах хагалгаа жилд 150 орчим, улаан хоолой, бүдүүн гэдэсний хавдрыг дотроос хуулах хагалгааг жилд 50 орчим, үүнээс гадна цус алдалтыг зогсоох, бүдүүн гэдэс, ходоодны ургацаг авах, түрүүний хэлсэн тураах ажилбар нийтдээ 200 орчмыг хийж байна. Ингээд нийтдээ 4,000 орчим мэс ажилбарыг дурангаар хийгджээ. Үүний хажуугаар оношилгоог тоолоод барахгүй.

-Гэтэл зарим иргэдэд дурангаар оношилгоо хийлгэхэд буюу ходоодоо дурандуулахад хэцүү, цус алдах эрсдэлтэй гэх ойлголт байдаг. Энэ тухайд?

-Ходоод дурандуулах, сайн эсвэл муу, ходоод дурандуулахаар өвчин хүндэрч цус алддаг гээд яриад байдаг үе өнгөрөөд аль хэдийн 10 жил болсон.
Ер нь бол дурангийн оношилгоо, эмчилгээ 20, 30 жилийн өмнөөс Монголд нэвтэрч, 10-аад жилийн өмнөөс түгээмэл хэрэглэгдэх болсон. Сүүлийн үед улсын, хувийн гэх ялгаагүй маш олон залуу эмч нар энэ чиглэлээр мэргэшин суралцаж, дурангийн эмч нарын хүрээ ч эрчимтэй тэлж байгаа.

Тиймээс "Монголын интервеншналь эндоскопын нийгэмлэг"-ийн үйл ажиллагаа дурангаар үзүүлэх оношилгоо, эмчилгээг ард түмэнд жигд хүртээлтэй, чанартай хүргэхэд чиглэнэ.

- Одоо хийгдэж байгаа оношилгоо, эмчилгээг чанаржуулахаас гадна шинэ төрлийн эмчилгээг нэвтрүүлэхэд эмч нар хамтарч ажиллах боломж бүрдэж байна гэж хэлж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Шинэ хагалгааг нэвтрүүлэхэд тухайн хагалгааныхаа аргачлалыг батлуулахаас авхуулаад маш олон бичиг цааны ажил байдаг. Энэ ажил нь нэг эмч ганцаараа эсвэл ЭМЯ дангаараа хийх зүйл биш. Тиймээс л эмч нар зөвлөлдөж ажиллахаар болж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.