Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн үеэр хутгалуулж байсан барууны үзэлтэй нэр дэвшигч Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Армийн офицер асан, барууны үзэлтэй улс төрч Жайр Болсонару өчигдөр Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, Өмнөд Америкийн хамгийн том орны удирдагч боллоо.

Тэрээр нэгдүгээр шатанд хамгийн олон санал авч, зүүний улс төрч Фернандо Хаддадтай хоёрдугаар шатанд шалгарч үлдээд байсан юм.

Саналын хайрцгийн 88 хувийг тоолсны дараа 63 настай Болсонару 55.7 хувийн санал авсан нь тодорхой болжээ. Тэрээр эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон Бразил орныг хатуу гараар сэргээн босгоно гэж тус улсын 147 сая сонгогчдод амлаж байв.

Болсонару 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орно.

Одоогийн тогтолцоог эсэргүүцэгч, арьс өнгөний үзэл, эмэгтэйчүүдийг болон ижил хүйстнүүдийг ялгаварлах үзлээ нуудаггүй Болсонару Бразилд нэг хэсэг тогтож байсан дарангуйллын тогтолцоог дэмждэг.

“Олон арван жилийн дараа Бразилын жинхэнэ үнэт зүйлсийг төлөөлөх ерөнхийлөгчтэй болох боломж гарч ирлээ” хэмээн тэр Бямба гарагт твиттер хуудсандаа бичиж байжээ.

Болсонару есдүгээр сарын эхээр сонгуулийн ажиллагааны үеэр гэдсэндээ хутгалуулж, гурван долоо хоног эмнэлэгт хэвтсэн юм. Энэ үеэр тэр сошиал медиа ашиглан сурталчилгаагаа явуулсаар байсан.

Түүний өрсөлдөгч 55 настай Хаддад өчигдөр саналаа өгсний дараа “Ардчилал, хувь хүний эрх чөлөө аюулд ороод байна” хэмээн сонгогчдод анхааруулж байжээ.

Түүнтэй нам нэг ерөнхийлөгч асан Лула Да Силва авлигын хэргээр 12 жилийн ял сонсоод шоронд хоригдож байгаа. Зүүн жигүүрийн улс төрчдийн буруу бодлого, авлигын хэргүүд Болсонаруг гарч ирэхэд тусалсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Бразилын одоогийн ерөнхийлөгч Мишел Темер мөн авлигын хэрэгт орооцолдоод байгаа ба тус улсын түүхэнд хамгийн нэр хүнд муутай удирдагчид тооцогдож байгаа. Түүний өмнө ерөнхийлөгч байсан Дилма Руссеф төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан шалтгаанаар 2016 онд огцорч байв.

 

Эх сурвалж: AFP