Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Лэйстер Сити клубын эзэн нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Английн Лэйстер хотын Кинг Пауэр стадионы зогсоолоос нисдэг тэрэг хөөрөхдөө осолдож, дотор нь явсан хүмүүс амь үрэгдсэн юм.

Тэгвэл тэдний дотор Премьер Лигийн Лэйстер Сити хөлбөмбөгийн клубын эзэн Вичай Сриваддханапрабха байсныг саяхан клубын захиргаа анх удаа зарлалаа.

Нисдэг тэргэнд түүнээс гадна клубын хоёр ажилтан, нисгэгч, зорчигч нийтдээ таван хүн байжээ.

Зорчигчоор явсан Роза Лэхович нь нисгэгч Эрик Свафферын эхнэр, мөн мэргэжлийн нисгэгч байсан байна. Клубын мэдэгдэлд сайн удирдагчаа алдсанд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

Лэйстер Сити клубын тамирчид мөн эмгэнэлээ илэрхийлцгээж, тус клубын стадион болох Кинг Пауэрын гадна хүмүүс олон зуун баглаа цэцэг тавьж, эмгэнэн гашуудсаар байна.

Английн Премьер Лигийн удирдлага, Парис Сэн Жермайн, Интер Милан, Уэст Хэм Юнайтэд, Тоттенхэм Хотспур, Ноттинхэм Форэст, Суонси Сити клубууд эмгэнэлээ илэрхийлжээ.

Тайландын хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог Вичай 2010 онд Лэйстер Сити клубыг худалдан авч, үүнээс зургаан жилийн дараа Премьер Лигийн аварга болгосон нь Английн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх томоохон амжилт болсон юм.

60 нас хүрээд байсан Вичай багийнхаа тоглолтын дараа нисэх онгоцны буудалд хүрч, тэндээсээ Тайланд руу нисэхээр төлөвлөөд байжээ.

Лэйстер хотын цагдаа нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: BBC